card

Үйл ажиллагааны баталгаа

Үйл ажиллагааны баталгаа

Авлигатай тэмцэх газрын үйл ажилла гааны баталгаа:
  • Улс төрийн баталгаа
  • Эдийн засгийн баталгаа
  • Нийгмийн баталгаа
  • Хууль зүйн баталгаа
  • Бусад баталгаа

Улс төрийн баталгаа:

  • Авлигатай тэмцэх газрын байранд улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албандаа хүндэтгэлтэй хандана.

Эдийн засгийн баталгаа:

  • Авлигатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
  • Авлигатай тэмцэх газрын төсвийг улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.
  • Авлигатай тэмцэх газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.
  • Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг УИХийн Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор УИХ батална.
  • Авлигатай тэмцэх газрыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, албан хаагчийг орон сууцаар хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны явцад туслалцаа үзүүлсэн этгээд, гэрчийг хамгаалах, тэдгээрт санхүүгийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
  • Авлигатай тэмцэх газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.
  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.

Нийгмийн баталгаа:

  • Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцна.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
  • Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг тухайн байгууллагын төсвөөс төлнө.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд гүйцэтгэх ажил эрхэлсэн, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.
  • Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ. 

Хууль зүйн баталгаа:

  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол  Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаар Авлигатай тэмцэх газрын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд эрх бүхий байгууллагаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал тавьсан бол түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Авлигатай тэмцэх газрын дарга шийдвэрлэнэ.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.

Бусад баталгаа:

  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрдэм шинжилгээнийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
  • Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан Авлигатай тэмцэх газрын албан хаагч болон гэр бүлийнх нь гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
  • Бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй.
  • Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.
  • Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна.