6 сарын 21, 2024         12

“Монполимет” ХХК болон түүний охин компанийн цалингийн дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалсан

iaac                    -Одоогоор тус компанийн 18 дансны зарлагын гүйлгээ хэвийн хийгдэж байгаа-

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас дараах зүйлийг тодруулав.

-“Монполимет” ХХК-ийг шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгнө үү.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монполимет” ХХК, түүний охин компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгосон байж болзошгүй хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийг зээлийн шаардлага хангаагүй байхад авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй;

Хоёрдугаарт, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлон байгаль орчинд хохирол учруулсан;

Гуравдугаарт, төрийн нууцыг хууль бусаар олж авсан байж болзошгүй;

Дөрөвдүгээрт, мөнгө угаах;

Тавдугаарт, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг авлига, албан тушаалын хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

Энэ дашрамд хэлэхэд, Авлигатай тэмцэх газар нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг прокурорын зөвшөөрөл, хяналттайгаар хуулийн хүрээнд явуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Бизнес эрхлэгчдийг хууль бусаар хэн нэгний ашиг сонирхлын үүднээс шалгаж дарамталсан зүйл огт байхгүй ээ гэдгийг онцлон хэлмээр байна. Мөрдөн шалгах ажиллагаа эрүүгийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын хүрээнд явагдаж байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Авлигатай тэмцэх газар баримтлан ажилладаг гэдгийг хэлье. Бид хэнийг ч ялгалгүй хуулийн дагуу эрх тэгш шалгах ёстой.

-Нэгжлэг хийсэн талаар тодруулж болох уу?

-“Монполимет” ХХК болон түүний охин компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 оффис, уг компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын оршин суух Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах 5 орон сууцанд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэгийн ажиллагаа явуулж, 500 гаруй боть санхүүгийн баримт бичиг, хэрэгт ач холбогдол бүхий цаасан болон цахим эд зүйлүүдийг хураан авсан.

-Дансны гүйлгээг хязгаарласнаас болоод ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй байдалд хүрсэн талаар тус компанийн удирдлагууд мэдэгдэж байгаа. Энэ үнэн үү?

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд уг компанийн зарим хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжилсэн. Тухайлбал:

“Монполимет” ХХК болон түүний охин компаниуд болох нэр бүхий 17 хуулийн этгээд, мөн дээрх хуулийн этгээдүүдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч 5 иргэний арилжааны банкан дахь бүх төрлийн дансны зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр түр хязгаарласан.

Дээрх 17 хуулийн этгээдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллага дээр хязгаарлалт тогтоосон.

“Монполимет” ХХК болон түүний охин компани болох нийт 4 хуулийн этгээдийн эзэмшиж байгаа ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын 6 тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудыг битүүмжилсэн.

Тодотгож хэлэхэд, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлосонтой холбогдуулан энэ чиглэлийн компанийнх нь дансны гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн. Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн хийгдэж байна.

-Бас нэг зүйлийг асуумаар байна. “Монполимет” компанийг яагаад заавал сонгуулийн үеэр шалгаад байгаа юм бэ?

-Энэ хэрэг 2018 оноос шалгагдаж эхэлсэн. Тухайн үед компанийн үүсгэн байгуулагч нь улс төрд нөлөө бүхий этгээд байсан. Улмаар энэ хэрэг хаагдсан байдаг. Харин 2022 оноос Хөгжлийн банкны зээл олголтын асуудал яригдах үед хэрэг дахин шалгагдаж эхэлсэн. Сонгуулийн үеэр зориуд мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа явдал байхгүй. Мөн сонгуулийн дараа шалгая гэж хойшлуулах хуулийн үндэслэл байхгүй. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө хуульд заасан хугацаатай байдаг.

Хяналт шалгалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Contact Us