Авлигын төсөөллийн индексийн 2019 оны үр дүн
Берлинд төвтэй “Транспэрэнси Интернэшнл” төрийн бус байгууллагаас дэлхийн 180 орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2019 оны дүнг гаргасан байна.
Энэхүү индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш юм. “Транспэрэнси Интернэйшнл” төрийн бус байгууллага нь Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллага болон АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконг, Шведэд байрлан үйл ажиллагаа явуулдаг хувийн судалгааны болон төрийн бус 13 байгууллагын судалгаа, үнэлгээнээс авлигад холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцон улс орнуудыг эрэмбэлдэг.
Монгол Улсын үнэлгээнд ашигласан эх сурвалж, оноор
Д/д |
Байгууллага-судалгаа |
2016 |
2017 |
2018 |
2019 |
19/20 |
1 |
Пи Ар Эс группийн Эрсдэлийн үнэлгээ 2019 |
32 |
32 |
32 |
35 |
3↑ |
2 |
Дэлхийн эрх зүй төслийн Хууль дээдлэх ёсны индекс 2019 |
38 |
36 |
36 |
36 |
→ |
3 |
Экономист группийн Мэдээллийн албаны Улс орнуудын эрсдлийн үнэлгээ 2019 |
37 |
37 |
37 |
37 |
→ |
4 |
Глобал инсайт Улс орнуудын эрсдэлийн түвшин 2018 |
47 |
35 |
47 |
47 |
→ |
5 |
Ай Эм Ди сургуулийн Улс орнуудын өрсөлдөх чадварын эмхэтгэл Үзэл бодлын судалгаа 2019 |
35 |
33 |
30 |
28 |
2↓ |
6 |
Ардчиллын олон талт байдлын төсөл /V-Dem/ 2019 |
34 |
35 |
33 |
31 |
2↓ |
7 |
Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа 2019 |
38 |
30 |
31 |
28 |
3↓ |
8 |
"Бертелсман" сан - Шилжилтийн индекс 2020 |
36 |
41 |
41 |
37 |
4↓ |
9 |
Дэлхийн банк - Улс орны бодлого, институцийн үнэлгээ 2018 |
47 |
43 |
43 |
35 |
8↓ |
|
Дундаж оноо |
38 |
36 |
37 |
35 |
2↓ |
Вашингтонд байрладаг Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс, Экономист группийн Мэдээллийн албаны Улс орнуудын эрсдлийн үнэлгээ, Глобал инсайт компанийн Улс орнуудын эрсдэлийн түвшний үнэлгээний оноо өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна.
ЯМАР ҮЗҮҮЛЭЛТҮҮД ДЭЭР ҮНЭЛГЭЭ БУУРАВ?
Дэлхийн банкны Улс орны бодлого, институцийн үнэлгээгээр өмнөх оныхоос хамгийн их буюу 8 оноо буурсан байна.
Уг үнэлгээг гаргахдаа шинжээч буюу Дэлхийн банкны ажилтан тухайн улсын төрийн байгууллага дахь ил тод, хариуцлагатай байдал, авлигын нөхцөл байдлыг 1-ээс 6 оноогоор (1 бол сөрөг, 6 бол эерэг) үнэлдэг. Монгол Улс 2019 оны үнэлгээгээр 3 оноо авсан нь өмнөх оныхоос 0.5 оноогоор буурсан ба энэ нь Авлигын төсөөллийн индексэд 8 оноо болж тусгагдсан[1].
Бертелсман сангийн Шилжилтийн индексийн 2020 оны үнэлгээгээр манай улсын оноо 37 болж өмнөх оныхоос 4 пунктээр буурсан байна. Үнэлгээг хоёр шинжээч (үнэлүүлж байгаа улсын 1, өөр нэг улсын 1) өгдөг бөгөөд шинжээчдээс дараах 2 асуултад хариулт авч гарсан дүнг Авлигын төсөөллийн индекс гаргахад ашигладаг.
Асуулт 3.3. “Албан тушаалаа урвуулан ашигласан төрийн албан хаагчдад ямар хэмжээгээр хариуцлага хүлээлгэдэг вэ?”
Асуулт 15.3 “Засгийн газар авлигыг хэр хязгаарлаж чаддаг вэ?”
Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгааны 2019 оны дүнгээр манай улсын оноо 28 болж 3 пункт буурчээ. Энэ судалгааг Дэлхийн эдийн засгийн форумаас дэлхий даяарх 160 түнш байгууллагаараа дамжуулан зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад Нээлттэй нийгмийн хүрээлэн хариуцсан байна. Манай улсын хувьд 72 бизнес эрхлэгчийг судалгаанд оролцуулж дараах хоёр асуултад хариулт авч дүнг гаргасан байна.
Асуулт: Танай улсад дараах үйл ажиллагаанд албан бус нэмэлт төлбөр, хээл хахууль өгөх явдал хэр түгээмэл байдаг вэ?
1. Экспорт, импорт 2. Нийтийн аж ахуй 3.Татвар 4. Худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл 5. Шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай гаргуулах
Асуулт: Танай улсад, авлигын улмаас төсвийн хөрөнгийг компаниуд, бүлэглэлд зарцуулах явдал хэр түгээмэл байдаг вэ?
Ардчиллын олон талт байдлын төслийн 2019 оны судалгаагаар манай улсын холбогдох үзүүлэлт 31 болж өмнөх оныхоос 2 пунктээр буурсан байна.
“Улс төрийн авлига хэр түгээмэл бэ?” гэсэн асуултад өгсөн хариултаар үнэлгээг гаргадаг байна.
Швейцарын Ай Эм Ди бизнесийн сургуулийн Дэлхийн өрсөлдөх чадварын эмхэтгэлийн Үзэл бодлын судалгааны 2019 оны дүнгээр манай улс 28 оноо авсан нь өмнөх оныхоос 2 пунктээр буурчээ. Уг байгууллагаас 2019 онд 6000 гаруй бизнес эрхлэгчдийг судалгаанд хамруулж “Хээл хахууль, авлига байдаг уу” гэсэн утгатай асуулт асууж хариултыг индексэд ашиглажээ. Уг судалгааны задгай мэдээллийг нийтэд зарлаагүй байна.
ЯМАР ҮЗҮҮЛЭЛТ ДЭЭР ҮНЭЛГЭЭ ЭЕРЭГ ГАРАВ?
Улс төрийн эрсдлийн рэйтинг болон таамаглал гаргадаг "Пи Ар Эс" компанийн Эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс 35 оноо авч өмнөх оныхоос 3 оноогоор нэмэгдсэн эерэг дүнтэй байна. Энэхүү үнэлгээг гаргахдаа тус компанийн шинжээчид холбогдох мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийн эрсдлийн оноонд хөрвүүлэн тухайн улс орны улс төрийн тогтолцоон дахь авлигад үнэлэлт дүгнэлт өгдөг.
ЯМАР ҮЗҮҮЛЭЛТ ДЭЭР ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ ХЭВЭЭР БАЙНА ВЭ?
Дэлхийн эрх зүй төслийн хууль дээдлэх ёсны индексээр манай улс 100 онооноос 36 оноо авсан бөгөөд сүүлийн гурван жилийн турш энэ түвшин өөрчлөгдөөгүй.
2018 оны 5 дугаар сарын 5-наас 11-ний өдрийн хооронд дэлхий даяар нийт 3800 гаруй шинжээчээс улс орнуудын хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл, цагдаа, батлан хамгаалах салбарын албан тушаалтнууд албан тушаалаа хувьдаа ашигладаг эсэхийг үнэлүүлж энэ индексийг гарган Авлигын төсөөллийн 2019 оны индексэд нэг үзүүлэлт болгон ашигласан байна.
Экономист компанийн Мэдээллийн албаны Улс орнуудын эрсдлийн үнэлгээгээр манай улс сүүлийн дөрвөн жил дараалан 37 оноотой гараад байна.
Нью Иорк, Гонконг, Бээжин, Шанхайд ажилладаг тус компанийн шинжээч нар төсвийн хөрөнгийн зарцуулалт, хуваарилалт тогтсон дүрэм, журмын дагуу хэрэгждэг эсэх, төсвийн хөрөнгийг төрийн албан хаагч, сайд нар хувийн, эсхүл улс төрийн зорилгоор ашигладаг эсэх, төрийн албаны томилгоо шударга эсэх, хараат бус аудит, шүүх засаглал бий эсэх, гэрээ байгуулах, давуу байдал олж авахын тулд хээл хахууль зайлшгүй төлөх ёстой гэсэн уламжлал байдаг эсэх зэрэг асуултын дагуу улс орнуудыг үнэлдэг.
Глобал инсайт компанийн Улс орнуудын эрсдлийн түвшний үнэлгээгээр манай улс сүүлийн хоёр жил дараалан 47 оноотой байна. Уг үнэлгээг гаргахдаа компани өөрийн бизнесээ үргэлжлүүлэх, гэрээ байгуулахын тулд хээл хахууль болон авлигын бусад асуудалтай тулгарах эрсдлийг шинжээчид үнэлж дүнг гаргадаг.
[1] Эх сурвалж: https://datacatalog.worldbank.org/dataset/country-policy-and-institutional-assessment July 2019
Индексийн дүнгээр Монгол Улс 2019 онд 35 оноо авч 106-д оржээ. Манай улсын индексийг тооцоход 9 эх сурвалжийг ашигласан байна. Үүнээс АНУ-ын “Пи Ар Эс” группээс гаргадаг Эрсдэлийн үнэлгээний холбогдох хэсэг 3 оноогоор нэмэгдсэн нь эерэг үзүүлэлт болсон бол Швейцарын “Ай Эм Ди” бизнесийн сургуулийн Улс орнуудын өрсөлдөх чадварын эмхтгэлийн Үзэл бодлын судалгаа, Шведэд төвтэй Ардчиллын олон талт байдлын төсөл, Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа, Германд төвтэй Бертелсманы сангийн Шилжилтийн индекс, Дэлхийн банкны Улс орны бодлого, институцийн үнэлгээний холбогдох хэсгийн үнэлгээ тус бүр 2-8 оноогоор буурсан нь сөрөг үзүүлэлт болжээ.