Авлигатай тэмцэх газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Авлигатай тэмцэх газрын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ”-ний дүн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь авлигын нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцов. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх газар салбарын авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр энэ сараас эхлээд тасралтгүй ажиллана. Хүнд сурталтай, авлигад өртөх эрсдэлтэй үйлчилгээг онцлон авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.” гэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Төрийн үйлчилгээг цахимжуулахыг чухалчлан, ил тод, хүртээмжтэй байдлыг ханган, хүнд сурталгүй яам болохыг зорьж ажиллана. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, мэдээллийн санг сайжруулахад анхаарах шаардлагатай байгаа” гэдгийг онцлов.
Уулзалтын үр дүнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулах, олон нийтэд зориулсан авлигын эсрэг булан ажиллуулж, санамж, зөвлөмжийг байршуулан мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч, салбарын хэмжээнд Авлигын эсрэг аянг тодорхой цаг хугацаанд өрнүүлэн үр дүнг тооцон ажиллахаар тогтов.
Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэгжийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцов.