Бэнжамин Нетаньяхугийн авлигын хэргийн талаар
Израилийн Ерөнхий сайд авлигын хэргээр шүүгдэж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэгдэж болзошгүй.
Бэнжамин Нетаньяхуг 2019 онд үүсгэсэн гурван тусдаа хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд тухайн хэргүүд нь хахууль, итгэл эвдэж залилан мэхлэх гэсэн хүнд зүйлчлэлд хамаарч, “1000-р хэрэг”, “2000-р хэрэг”, “4000-р хэрэг” гэж нэрлэгджээ.
Тэрээр энэ талаар “Өөрийгөө ямар нэг буруутай үйлдэл хийгээгүй, өөрийг нь улс төрийн өрсөлдөгчид болон хэвлэл мэдээллийнхний зүгээс эрх мэдлээс нь зайлуулах зорилготой хийж буй зохион байгуулалттай “Шулмын ан"-гийн хохирогч гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Шинжээчид болон ажиглагчид Нетаньяху шүүн таслах ажиллагаа болон ял шийтгэлээс зайлсхийхийн тулд Израилийн бүслэгдсэн Газын зурваст явуулж буй дайралтыг сунгаж, өргөжүүлж байна гэж үзэж байна.
Шүүх хурал 2020 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа хойшлогдсон ба одоо 12 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон боловч Нетаньяхугийн хуулийн баг шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлтүүд гаргасан байна.
Израилийн дээд шүүх 11 дүгээр сарын 13-нд Нетаньяхугийн гэрчийн мэдүүлгийн сонсголыг 10-н долоо хоногоор хойшлуулах хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан бөгөөд түүнд бэлтгэхэд таван сарын хугацаа байсан гэж үзжээ. Түүний хуулийн баг: “Ерөнхий сайд Израилийн дайныг удирдах ажлын шахуу цагийн хуваарийн улмаас бэлтгэл хангаж чадаагүй” гэж мэдэгдсэн ч Шүүхийн зүгээс “шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй. Энэ нь бидний тогтоосон шүүх хурлын товыг өөрчлөх үндэслэл болохгүй” гэж мэдэгдэв.
Түүний буруутгагдаж буй хэргийн тоймыг хүргэж байна:
“1000-р хэрэг”
Энэ хэрэг нь: Нетаньяху болон түүний эхнэр Сара хоёр чинээлэг бизнесменүүд болох Израилийн Холливудын кино продюсер Арнон Милчан болон Австралийн тэрбумтан Жеймс Пакер нарт улс төрийн давуу эрх үзүүлсний хариуд тансаг шампан дарс болон навчин тамхийг бэлгэнд авсан гэх. Мөн тэрээр гадаадад амьдарч буй Израильчуудад, түүний дотор Милчанд ашигтай байж болох татварын хөнгөлөлтийн хуулийг дэмжсэн гэж буруутгагдаж байна.
Нетаньяхуг Милчаны ашиг сонирхлыг дэмжиж, АНУ-ын засгийн газрын албан тушаалтнуудтай ярилцсаны дараа түүний АНУ-ын визийг баталгаажуулсан гэж буруутгаж байна. Милчан 2020 оны зургаадугаар сард Нетаньяхуд бэлэг өгсөн гэдгээ гэрчилсэн байна. Тус үйлдэл нь гурван жил хүртэлх хорих ялтай бөгөөд хахуулийн хэрэгт 10 жил хүртэлх хугацаагаар хорих, эсхүл торгууль ногдуулж болзошгүй байна.
Тухайн үеийн Ерөнхий прокурор Авичай Манделблит нь түүнд ял төлөвлөсний дараа хийсэн мэдэгдлээс үзэхэд, хахуульд авсан бэлгийн өртөг нь ойролцоогоор 700,000 шекел ($196,000)-ийн үнэлгээтэй байсан бөгөөд “Нетаньяхугийн албан үүрэг болон “Израилийн Ерөнхий сайд”-ын албан тушаалтай нь холбоотойгоор өгөгдсөн” гэжээ.
“2000-р хэрэг"
Энэ хэрэг нь: Нетаньяху Израилийн өдөр тутмын сонин “Едиот Ахронот”-ын хувьцааг эзэмшигч Арнон Мозестой өрсөлдөгч болох “Израиль Хайом” сонины өсөлтийг удаашруулах зорилгоор Арнон Мозесийн талд ашигтай хууль баталсантай холбоотой бөгөөд түүнийг итгэл эвдэж, залилан мэхэлсэн гэх үйлдэлд буруутгаж байгаа юм.
Манделблитийн ял төлөвлөсөн тайлангийн хураангуйд дурдсанаар, тэд 2008-2014 оны хооронд гурван удаа уулзалт хийж байсан ба эдгээр уулзалтуудын үеэр Нетаньяху болон Мозес нар “өөрсдийн ашиг сонирхлыг урагшлуулах талаар ярилцаж байсан бөгөөд Едиот Ахронот хэвлэлийн бүлгээс эерэг сурвалжилга гаргах; мөн “Израиль Хайом” сонинд хязгаарлалт тавих” талаар харилцан ярилцаж тохиролцсон байна.
“4000-р хэрэг”
Энэ хэрэг нь: Нетаньяхуг Израилийн хамгийн том харилцаа холбооны оператор “Bezeq” компанид зохицуулалтын давуу эрх олгож, хариуд нь өөрийн болон эхнэрийнх нь талаар эерэг сурвалжилга гаргах тохиролцоонд хүрсэн, тухайн үед тэрээр харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэж байсан гэж буруутгаж байна.
Элович нь мөн өмнөх даргын удирддаг байсан мэдээллийн вэбсайт “Walla”-г хянадаг байжээ. Үүний хариуд Элович Нетаньяху болон түүний эхнэрийн талаар эерэг сурвалжилга гаргасан байна.
Ял төлөвлөсөн тайлангийн хураангуйд дурдсанаар, Нетаньяху Эловичид хамаарах зохицуулалтын асуудлуудыг хэд хэдэн удаа шийдвэрлэж, Эловичийн томоохон бизнесийн ашиг сонирхлыг дэмжсэн алхмуудыг хийсэн” гэжээ.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/