“Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын сургалт”-ыг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын сургалт”-ыг 2025 оны 1 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Цахим хэлбэрээр зохион байгуулсан уг сургалтад төрийн захиргааны төв болон салбар байгууллагын 2000 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцов. Сургалтад Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхан нарын ажилтнууд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолыг танилцуулж, Мэдүүлгийн цахим системийн ашиглалт болон ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлах, ХАСУМ гаргахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нэрсийн жагсаалт, мэдүүлгийн мэдээ, тайланг нэгтгэн гаргах талаар арга зүйн заавар зөвлөгөө өглөө.
Энэ жилийн хувьд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчилсэн маягтын дагуу гаргах шаардлагатай болсон тул Авлигатай тэмцэх газраас нэгдсэн арга зүй, заавар зөвлөгөө өгөх сургалтыг улсын хэмжээнд тасралтгүй зохион байгуулж байна.