Украин Улсын армийн ахлах сэтгэл зүйч авлигын хэргээр баривчлагджээ
Украин Улсын армийн ахлах сэтгэл зүйчийг 2022 оны хоёрдугаар сард буюу ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойших хугацаанд нэг сая ам.доллараас давсан орлого хуримтлуулсан гэж буруутган “хууль бусаар хөрөнгөжсөн” хэргээр баривчилжээ.
Украины Аюулгүй байдлын албаны мэдэгдсэнээр залуусыг цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдвэрлэдэг комисст ажиллаж байсан түүний нэрийг дурдаагүй ч Украины Зэвсэгт хүчний ахлах сэтгэл зүйч нь Олег Друз гэгч болохыг өмнө нь мэдэгдэж байв.
Тэрээр Киев хотын ойролцоо Одесад нэг орон сууц, хоёр газар болон тансаг зэрэглэлийн хэд хэдэн BMW автомашин эзэмшдэг байжээ. Мөрдөн байцаагчид түүний гэрт нэгжлэг хийх үеэр 152.000 ам.доллар, 34.000 евро бэлнээр олдсон байна. Мэдэгдэлд дурдсанаар дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр мэдүүлээгүй бөгөөд эхнэр, охин, хөвгүүд болон бусад гуравдагч этгээдийн нэр дээр бүртгүүлсэн байжээ.
Түүнийг хууль бусаар хөрөнгөжсөн болон худал мэдүүлэг өгсөн гэх хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгэж болзошгүй. Друз 2017 онд үүнтэй төстэй хэрэгт холбогдож, хоёр жийп машин болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь илэрснээр албан тушаалаас нь түдгэлзүүлж байжээ.
Украин Улс олон жилийн турш авлигатай тэмцсээр ирсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард Украины парламентын нэгэн гишүүн 220.000 фунт стерлингийн хөрөнгө завшсан хэргээр яллагдсан бол 2023 онд цэргийн бүртгэлийн албаны 30 гаруй ажилтан хахууль авч, хүмүүсийг хууль бусаар хил давуулсан хэргээр ажлаас халагдаж байв.
Өнгөрсөн онд Украины парламентаас цэргийн эмнэлгийн комиссуудыг татан буулгах шийдвэр гаргасан нь хэд хэдэн албан тушаалтан хахууль авч цэргийн албанаас чөлөөлөх үнэмлэх олгосон хэрэгт буруутгагдсантай холбоотой ажээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/