2 сарын 07, 2025         213

ХАСХОМ хэрхэн мэдүүлэх сургалтад 6000 орчим албан тушаалтныг хамрууллаа

iaac

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон  хөрөнгө, орлогын мэдүүлэг (ашиг сонирхлын зөрчлийг илэрхийлэх мэдэгдэл, тайлбар) гаргуулах нь албан тушаалтанд  ашиг сонирхлын зөрчил үүсэх болон үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, нийтийн албанд шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, олон нийтийн хяналтыг бүрдүүлэх алхам болдог.

Уг мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягтыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Улмаар маягтуудыг хэрхэн нөхөх тухай зааврыг Авлигатай тэмцэх газраас шинэчилж, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэг хүлээдэг.

Иймд дээрх хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэл болон  мэдүүлэг гаргагчаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох зорилгоор мэдүүлгийн маягт дахь нэр томьёоны тодорхойлолт, түгээмэл гардаг асуултад хариулсан сургалтыг Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс зохион байгуулж байна. Тухайлбал, дээрх сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,  Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, түүний харьяа компани, байгууллага зэргийг хамруулж, нийтийн албанд  шинээр сонгогдсон, томилогдсон 4262 мэдүүлэг гаргагч, мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий 1537 албан тушаалтан буюу нийт 6000 орчим албан тушаалтанд сургалт зохион байгуулаад байна.

iaac

ХАСХОММэдээ мэдээлэлСургалт

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих