![img](https://iaac.mn/files/img/0.765326001739255092.jpg)
АНУ-ын сенатор асан Боб Менендез авлигын хэргээр 11 жилийн хорих ялаар шийтгэгдлээ
Нью Жерси мужийн сенатч асан Боб Менендез авлига, хахуулийн хэргээр буруутгагдаж, 11 жилийн хорих ял сонслоо.
Өнгөрсөн долоодугаар сард тангарагтны шүүх Менендезийг гадаадын засгийн газарт тусалсны хариуд алтан гулдмай, бэлэн мөнгө, Мерседес бенз зэрэг бэлэг авсан хэргээр 16 зүйл ангиар буруутай гэж үзэв.
Прокурорууд түүний гэмт хэргийг “онц ноцтой” хэмээн тодорхойлж, дор хаяж 15 жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн байна. Харин 71 настай Менендезийн өмгөөлөгчид ялыг олон нийтийн ажилтай хослуулан богиносгохыг хүсэв. “Харамсалтай нь та авлигач улстөрч болжээ” гэж АНУ-ын шүүгч Сидни Стейн Менендезийн ялыг оноохын өмнө хэлсэн гэж “CBS News”, “BBC” агентлаг мэдээллээ.
Ял сонсохоосоо өмнө Менендез шүүх танхимд үг хэлэхдээ нулимс дуслуулжээ. Шүүхийн сурвалжлагчдын мэдээлснээр “Би гэр бүлээсээ бусад бүх зүйлээ алдсан”, “Миний сэрүүн байх өдөр бүр шийтгэл юм” гэж тэрээр хэлсэн байна. Дараа нь шүүгчээс “Шударга ёсны илдийг өршөөлөөр зөөллөх”-ийг хүсчээ.
Менендезийн хүү, Ардчилсан намын конгрессын гишүүн Роб Менендез, мөн түүний охин, MSNBC-ийн нэвтрүүлэгч Алисия Менендез нар эцгийнхээ ард шүүх танхимд сууж байсан байна.
Энэ хэрэгт Менендезтэй холбоотой байсан хоёр хүнд мөн ял оноожээ. Нью Жерси мужийн үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Фред Дайбесийг сенаторт алт, бэлэн мөнгө хүргэж өгсөн гэж прокурорууд буруутгаснаар долоон жилийн хорих ял авч, 1.75 сая ам.долларын (1.4 сая фунт стерлинг) торгууль төлөхөөр шийтгэгдсэн. Египет-Америк гаралтай бизнесмен Ваэл Хана Менендез болон Египетийн засгийн газрын хооронд хэлэлцээр зуучилсан гэж буруутгагдаж, наймаас дээш жилийн хорих ял авч, 1.25 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон байна.
Менендез өөрийн бурууг ахин дахин үгүйсгэж, буруутай гэсэн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгджээ. Нью Жерсигийн сенатор бөгөөд Сенатын Гадаад харилцааны хороог удирдаж байсан нөлөө бүхий улстөрч Менендез өнгөрсөн наймдугаар сард Сенатын дээд танхимаас огцорсон билээ. Түүнийг гэм буруутай гэх шийдвэрийг есөн долоо хоног үргэлжилсэн шүүх хуралдааны дараа гаргасан бөгөөд энэ үеэр тангарагтны шүүгч нарт Менендез 100 мянган ам.доллараас дээш үнэлгээтэй алт, 480 мянган ам.долларын бэлэн мөнгө зэрэг бэлэг хүлээн авсан гэх баримтуудыг харуулжээ. Эдгээр мөнгийг Холбооны мөрдөх товчооны (FBI) агентууд түүний гэрээс илрүүлсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр, хахуулийн хариуд Менендез Египетэд АНУ-аас олон сая ам.долларын тусламж баталгаажуулахад тусалсан. Харин түүний өмгөөлөгчид эдгээр бэлгүүдийг хахуульд тооцох үндэслэлгүй гээд хахуулийн үр дүнд Менендез ямар нэгэн үйлдэл хийсэн гэдгийг прокурорууд нотолж чадаагүй гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/