2 сарын 11, 2025         11

Филиппин улсын төлөөлөгчдийн танхим Дэд Ерөнхийлөгч Сара Дутертег огцрууллаа

iaac

Филиппин улсын Дэд Ерөнхийлөгч Сара Дутертег албан тушаалаас нь огцруулах өргөдөлд Ерөнхийлөгч Фердинанд Маркосын холбоотон болох хууль тогтоогчид гарын үсэг зурсны дараа Конгрессын доод танхим түүнийг огцруулах шийдвэр гаргажээ.

Тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч лхагва гаригт болсон импичментийн санал хураалт нь Дутертег төсвийн мөнгийг зүй бусаар ашигласан, Маркосыг хөнөөхөөр завдсан гэх гэмт хэрэгт буруутгасан хэд хэдэн гомдлын дараа болов. Дутерте буруутай үйлдлээ байнга няцааж, түүний эсрэг хийсэн дээрх үйлдлийг “Улс төрийн өшөө авалт” гэж тодорхойлсон байна.

“Төлөөлөгчдийн танхимын нийт гишүүдийн гуравны нэгээс илүү буюу 306 гишүүний 215 нь гарын үсэг зурсан тул ... уг саналыг баталлаа” гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Мартин Ромуальдез хууль тогтоогчдод мэдэгдлээ. Дутертегийн хувь заяа одоо 24 сенатчийн гарт байгаа бөгөөд албан тушаалаас нь огцруулахын тулд гуравны хоёр нь импичментийг дэмжиж санал өгөх шаардлагатай. Шүүх хуралдааны тов хараахан тогтоогдоогүй байгаа ч тэрээр импичментийн ажиллагааны явцад дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа үргэлжлүүлэн хашна.

Дутерте нь Филиппиний импичментэд өртсөн дөрөв дэх албан тушаалтан бөгөөд өмнө нь Ерөнхийлөгч асан, Дээд шүүхийн дарга асан Жозеф Эстрада импичментэд өртөж байсан юм. Филиппинд үндсэн хуулийг ноцтой зөрчсөн, эх орноосоо урвасан, хахууль авсан, авлигад холбогдсон, бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн, олон нийтийн итгэлийг алдсан зэрэг үндэслэлээр дээд албан тушаалтныг огцруулж болно.

Төлөөлөгчдийн танхимын санал хураалт нь завсрын сонгуулийн кампанит ажил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө болж байна. Энэ сонгууль нь 2028 оны ерөнхийлөгчийн өрсөлдөөний өнгийг тодорхойлох гол үйл явдал болно гэж өргөн хүрээнд таамаглаж байна.

Маркос өмнө нь Конгрессыг Дутертег огцруулах ажиллагаа явуулахгүй байхыг уриалж, үүнийг хууль тогтоох байгууллагыг үндсэн үүрэг хариуцлагаас нь сатааруулах “аяган дахь шуурга” гэж нэрлэж байсан. Харин даваа гарагт Маркосын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лукас Берсамин хэлэхдээ, Ерөнхийлөгчийн Тамгын газар импичментийн гомдолд “саад болохгүй” гэж мэдэгдэв.

Хуучин холбоотнууд дайснууд болов

Олон жилийн турш Дутерте түүний эцэг Родригогийнхоо ерөнхийлөгчийн албан тушаалыг залгамжлахаар бэлтгэж байсан ч эцэст нь Маркосыг дэмжиж, түүний хамт дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн. Тэд хамтдаа 2022 оны сонгуульд томоохон ялалт байгуулсан юм.

Гэвч үүнээс хойш холбоо тасарч, олон сарын турш хэрүүл маргаан үргэлжилсэн. Арваннэгдүгээр сард Дутерте хэрвээ би алагдах юм бол Маркосыг алах ёстойг хэн нэгэнд тушаасан гэсэн утгатай үг хэлжээ. Тэрээр Маркос болон түүний эхнэрийг авлига авсан гэж буруутгаж байгаа ба 2028 онд ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь өрсөлдөж магадгүй гэсэн таамаглалаас болж өөрийнх нь амыг хамхихаар оролдсон гэж буруутгаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, Дутертег 612.5 сая песо (10.3 сая ам.доллар)-ын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж буруутгаж байгаа нь түүнийг Маркосын засгийн газрын Боловсролын яамыг хариуцсан сайдын албан тушаалаас зургаадугаар сард огцроход хүргэсэн билээ.

 Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2025/2/5/philippine-house-impeaches-vice-president-sara-duterte

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих