4 сарын 07, 2025         25

Украйн Улс төрийн худалдан авалттай холбоотой авлигын томоохон хэрэгт ял оногдуулахаар бэлтгэж байна

image.png

Оросын бүрэн хэмжээний цэргийн довтолгоо эхэлсний дараахан олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн “Батлан хамгаалах яамыг дайны үеийн яаралтай шинэчлэл хийхэд хүргэсэн цэргийн худалдан авалтын дуулиант хэрэг”-т Украины эрх баригчид энэ лхагва гарагт 5 сэжигтнийг холбоотой хэмээн буруутгав.

Киев Европын Холбоонд элсэхийг зорьж, ирээдүйн аюулгүй байдлыг чухал гэж үзэн олон улсын түншлэлүүдийг эрэлхийлж байгаа тул авлигатай тэмцэх эрмэлзэлтэй болохоо батлан харуулахыг хичээж байна.

Эрх баригчид тус улсын Батлан хамгаалах яамны удирдах түвшинд ажиллаж байсан нэр бүхий таван албан тушаалтныг 2022 оны наймдугаар сараас арван хоёрдугаар сарын хооронд цэргийн хоол хүнсний захиалгын худалдан авалтын үнийг хэт өндрөөр тогтоож, 17 сая гаруй ам.доллар завшсан хэрэгт сэжиглэж байна.

Энэхүү гэмт хэргийг Украины Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандаж өөгшүүлсэн бөгөөд тэрээр гэрээ байгуулахдаа каталог дахь үнийн зөрүүг “анзаараагүй байсан" гэж мэдүүлснийг Украины Үндэсний Авлигын эсрэг товчоо (NABU) мэдэгдэлдээ дурджээ.

Мөн дээрх 5 албан тушаалтанд "сэжигтнээр тооцох тогтоол" гардуулсан бөгөөд энэ нь хөрөнгө завших болон мөнгө угаах зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт албан ёсоор яллах үндэс болох магадлалтай гэж тус товчоо мэдээлэв.

Авлигын эсрэг товчооны мэдээлснээр, хүрэн манжин, байцаа, төмс зэрэг зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс гурав дахин өндөр үнээр нийлүүлсэн гэжээ.

Мөн завшсан мөнгөний тодорхой хэсгийг гадаадад үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа Хорват Улсад зочид буудал худалдан авах зэрэгт ашигласан байж болзошгүй гэж тус агентлаг мэдэгджээ.

Энэхүү дуулиант хэрэг анх 2023 оны нэгдүгээр сард олон нийтийн анхааралд өртсөн бөгөөд тухайн үед Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Батлан хамгаалах яам хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа өндөгний үнийг хэт өндрөөр үнэлэн худалдан авч буй зэрэг анхаарал татсан зарим асуудалд мөрдөн байцаалт явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зарим үйлдлийг илрүүлсэн байна.

Энэхүү ил болсон асуудал нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, яамыг худалдан авалтын тогтолцоондоо томоохон өөрчлөлт хийхэд хүргэсэн байна.

 

Эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/ukraine-prepares-corruption-charges-high-profile-procurement-case-2025-04-02/

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих