Унгар Улсын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системийг авлигатай тэмцэхэд ашиглаж байна
Унгар Улсын “Шударга ёсны байгууллага” парламентад 2024 оны тайлангаа өргөн барьжээ. Тайланд дурдсанаар тус байгууллага нь хиймэл оюун ухаанд суурилсан системийг ашиглан мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлж, төрийн байгууллагаас гаргасан зөрчилтэй шийдвэрийг хүчингүй болгох саналын тоог хоёр дахин өсгөхийн зэрэгцээ төрийн худалдан авалтын хяналтын систем болон мэдээллийн технологийн бие даасан дэд бүтцийг бий болгохоор ажиллаж эхэлсэн байна.
“Шударга ёсны байгууллага” тайландаа өнгөрсөн онд авлигын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, мөн Европын холбооны санхүүжилтийг зохистой ашиглах чиглэлд бодит ахиц дэвшил гаргаснаа онцолжээ. Нийт 25 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 21 хэргийг хаасан байна. Эдгээрээс 13 тэрбум форинт (ойролцоогоор 129 тэрбум төгрөг) нь Европын холбооны санхүүжилттэй холбоотой байв. Мөн өнгөрсөн онд тус байгууллага 26 зөрчлийн хэрэг, 9 гомдлын хэрэг нээж, Эдийн засгийн өрсөлдөөний газарт 3 хэрэг шилжүүлж, системийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор 89 зөвлөмж хүргүүлж ажилласан байна.
“Шударга ёсны байгууллага” нь 2022 оны 11 дүгээр сард байгуулагдсанаас хойш Европын холбооны санхүүжилттэй холбоотой нийт 171 тэрбум форинт (ойролцоогоор 1,7 их наяд төгрөг)-ийн хэргийг шалгасан буюу шалгаж байгаа тухай мэдээлжээ. 2023 онтой харьцуулахад хянан шалгуулах хүсэлтийн тоо хоёр дахин нэмэгдсэн, 658 шийдвэрийг нягтлан үзсэний үндсэн дээр 12 хэргийн мөрдөн шалгалтыг дахин нээх санал гаргасан байна. Үүнээс гадна төрийн худалдан авалтын маргаан шийдвэрлэх хороонд 4 удаа гомдол гаргажээ.
“Шударга ёсны байгууллага”-ыг байгуулах нь Унгарын Засгийн газар Европын холбооны санхүүжилтэд бүрэн нэвтрэх боломжийг бүрдүүлэх хамгийн чухал амлалтын нэг байсан. Гэсэн хэдий ч тус байгууллага зарим сорилттой тулгарсаар байна. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах үйл явц үргэлж дардан байдаггүй бөгөөд мэдээлэлд хандах эрх, суурь дэд бүтэц нь хангалтгүй хэвээр байгааг мөн мэдээлжээ.
“Шударга ёсны байгууллага”-аас өнгөрсөн онд мөрдөн шалгах ажлын үр ашгийг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан инноваци болон сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч, гол чиглэлээ болгон ажиллажээ.
Тэдний мэдээлснээр, сайжруулсан аргачлал нь Европын холбооны санхүүжилтийг буруугаар ашигласан тохиолдлыг илүү хурдан, нарийн илрүүлэх боломж олгож байгаа бөгөөд 2024 онд эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагаагаар 57 тэрбум форинт (ойролцоогоор 567 тэрбум төгрөг)-ийг хууль бусаар зарцуулсан зөрчил илэрсэн байна.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамжийг хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарсан бөгөөд үүнд автоматчилсан таамаглалын систем болон төрийн худалдан авах ажиллагааны үйл явцыг шууд хянах, баримт нотолгоог илүү үр дүнтэй шинжлэх интерактив програм багтжээ. Энэ нь холбогдох албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг урьдчилан илрүүлж, идэвхтэй хариу арга хэмжээ авах боломжийг бий болгож байна.
Түүнчлэн боловсролын хөтөлбөр, урт хугацаандаа шударга ёсны соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах, хандлага төлөвшүүлэх /attitude-shaping/ зорилготой “Integrity Academy” үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Дебрецений их сургуульд уг хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулж, эрдэм шинжилгээний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
“Шударга ёсны байгууллага”-ын ерөнхийлөгч Ференц Паль Биро мэдэгдэлдээ хуулийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж, үр дүнтэй, тогтвортой ажиллаж Европын холбооны санхүүжилтийг зохистой ашиглах, зөрчлийг илрүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн онцолжээ. Ингэснээр Европын холбооны болзолт журамд заасан үндсэн шалгуурыг хангах нөхцөл бүрдэх юм байна.
Эх сурвалж: www.hungarytoday.hu