Шинэ Зеланд нэрээ нууцалсан анхны мэдээллийн платформыг ажиллуулж эхлэв
Шинэ Зеландын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар (SFO) гадаад улс руу чиглэсэн авлигатай тэмцэх үндэсний кампанит ажлыг эхлүүлснээ 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зарлалаа.
Тус кампанит ажлын хүрээнд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мөн сэжигтэй авлигын хэргийн талаар нэрээ нууцлан мэдээлэх боломжийг олгох шинэ цахим платформ нэвтрүүлсэн талаар мэдэгдэв. Энэхүү платформоор ирсэн мэдээлэл нь бүрэн шифрлэгдсэн байдлаар тусгайлан сургагдсан ажилтнуудад хүргэгдэх бөгөөд мэдээлэгч болон хэрэг хариуцсан мөрдөгч хоорондын бүх харилцаа шифрлэгдэж Европт байрлах мэдээллийн санд хадгалагдана.
SFO-оос мэдэгдсэнээр гадаад авлигын хэргийг илрүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь мэдээлэгчдийн оролцоо болохыг онцолжээ. Кампанит ажлын нээлтийн арга хэмжээний үеэр Шинэ Зеландын Цагдаагийн асуудал хариуцсан сайд Марк Митчелл хэлэхдээ “Энэхүү шинэ мэдээллийн хэрэгсэл нь бидэнд гадаад улс руу чиглэсэн авлигын хэмжээ, тархалтын талаар илүү тодорхой дүр зургийг гаргах, бодит мэдээлэл цуглуулах боломжийг олгоно”, “Энэ бол илүү боловсронгуй систем бөгөөд иргэдийг мэдээлэл өгөхөд илүү хялбар, аюулгүй болгож байгаа хэрэгсэл юм. Мөн тус кампанит ажил олон нийтийн анхаарлыг татсанаар урьдчилан сэргийлэх үр нөлөө ч үзүүлнэ” хэмээн нэмж хэлжээ.
SFO-ийн мэдээлснээр уг онлайн платформ нь олон улсын авлигатай тэмцэх чиглэлээр дэлхийд анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ашиглаж байсан төстэй системийн загвар дээр үндэслэн хөгжүүлсэн гэж мэдэгдэв.
Гадны улс руу чиглэсэн авлига нь дэлхийн зах зээлийг тэнцвэргүйжүүлдэг бөгөөд олон хэлбэртэй байж болдог. SFO-оос жишээ болгон дурдсан хэргүүдэд:
- Шинэ Зеландад байрлах компани гадааны зах зээлд нэвтрэхийн тулд гадны эрх бүхий албан тушаалтанд хахууль өгөх,
- Гадаадын компани Шинэ Зеландын төрийн албан хаагчид хахууль өгөх зэрэг орно.
SFO-ийн захирал Карен Чанг “Гадаад дахь авлигын хэргийг илрүүлэх нь маш хүндрэлтэй. Гэвч ийм төрлийн гэмт хэргийг зогсоохгүй бол итгэлцэл, ил тод байдал, шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлдөг. Шинэ Зеланд шиг хүн ам цөөн, салбар хоорондын харилцаа ойр нийгэмд нэрээ нууцлан мэдээлэл өгөх нь төвөгтэйг бид ойлгож байна. Тиймээс энэ платформ нь мэдээлэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын зэрэгцээ мөрдөн шалгах багтай нээлттэй харилцах боломжоор хангаж байна” хэмээн онцолсон юм.
Карен Чан мөн 2024 оны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын тайланд дурдагдсан зөвлөмж дээр үндэслэн тус кампанит ажлыг эхлүүлсэн талаар онцолжээ. Тухайн тайланд гадаад авлигын хэргийг шүүхэд шилжүүлэх явц сул, мэдээлэгчдэд аюулгүй, итгэлтэй орчин хангагдаагүй талаар шүүмжилсэн байдаг.
“Энэхүү ажлын хүрээнд бид зөвхөн дотооддоо бус Номхон далайн бүсийн орнуудад зориулсан мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж байна. Одоогоор 15 хэлээр мэдээлэл авах боломж бүрдүүлсэн бөгөөд үүнд Тонга, Самоа, Фижи, Күүк арлын Маори, Хинди, Франц хэл зэрэг багтсан” хэмээн мэдэгдэлдээ дурдав.
Эх сурвалж: www.rnz.co.nz