
Баку дахь дээд хэмжээний уулзалтад хиймэл оюун дэлхийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны анхаарлын төвд орлоо
Технологи хурдацтай хөгжиж, авлигын хэлбэрүүд улам бүр нарийсаж буй өнөөгийн нөхцөлд хиймэл оюун ухаан (AI) нь шударга ёс, ил тод байдал, хариуцлагыг хамгаалах дэлхийн хүчин чармайлтад шинэ хөшүүрэг болж байна. Уламжлалт хяналт шалгалтын арга замууд нь нарийн бүтэцтэй, хил дамнасан, цахим хэлбэртэй авлигын схемүүдийг илрүүлэхэд хангалтгүй болжээ.
Хиймэл оюун нь авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд урьд өмнө байгаагүй чадамжийг бүрдүүлж өгдөг. Өгөгдлийн багцыг шинжлэх, санхүүгийн системийг бодит цагт хянах, таамаглалын загварчлал боловсруулах зэргээр AI нь хүний хяналтаас үл хамааралтайгаар гажуудал, эрсдэлийг илрүүлэх боломжтой. Төрийн худалдан авалтад "улаан туг" дохио автоматаар илрүүлэхээс эхлээд хуурамч компани дахь ашиг хүртэгчийг мөрдөх хүртэл AI нь хууль сахиулах байгууллага, аудиторууд, хяналт шалгалтын байгууллагуудын ажиллах арга барилыг үндсээр нь өөрчилж байна.
Азербайжан Улсын нийслэл Баку хотноо 2025 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Авлигатай тэмцэх, хууль сахиулах байгууллагуудын “GlobE” сүлжээний 6 дугаар Бүрэн хуралдаан болон 10 дугаар Зохицуулах хорооны хурал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо. Хуралдааны гол сэдэв болох “Авлигатай тэмцэхэд шинэ технологи болон хиймэл оюун ухааныг хэрэглэх боломжууд” нь авлигын дасан зохицох чадвартай орчинд шинэчлэл, инновацыг нэн даруй нэвтрүүлэх шаардлагатайг онцлон харуулж байв.
Ойролцоогоор 50 улс орны удирдах болон ахлах түвшний төлөөлөгчдийг оролцуулсан энэхүү дээд хэмжээний уулзалт нь AI ба дижитал шилжилт нь зүгээр нэг техникийн хэрэгсэл бус, харин авлигатай тэмцэх стратегийн гол хөшүүрэг болж байгааг тодотгов.
Технологи ба AI оролцоо
Бүрэн хуралдааны гол цөм нь ирээдүйд чиглэсэн дараах сэдэв байлаа: “Авлигатай тэмцэхэд шинэ технологи болон хиймэл оюун ухааныг ашиглах боломжууд.” Энэ сэдэв цаг үеэ олсон төдийгүй нэн чухал ач холбогдолтой байв. Учир нь дэлхий даяар авлига улам бүр газар авч, цахим санхүүгийн тогтолцоо, виртуал хөрөнгө, кибер орчинд суурилсан гэмт хэрэг зэргээр хүрээгээ тэлж байна.
Хуралдааны явцад 100 гаруй илтгэл, хэлэлцүүлэг, зөвлөгөөн өрнөсөн бөгөөд дараах өргөн хүрээтэй асуудлуудыг хөндсөн. Үүнд:
- Хөрөнгө хураах;
- Хууль бус орлогыг шууд хураан авах;
- Санхүүгийн гүйлгээг хянах;
- Сэжиг бүхий санхүүгийн дансыг царцаах олон улсын уялдаа зэрэг багтжээ.
Энэхүү олон талт хандлага нь санхүүгийн мэдээллийг хурдан хугацаанд боловсруулах, бодит цагт зөрчлийг илрүүлэх, улс хооронд дамнасан авлигын сүлжээний хэв маяг таних чадвартай хиймэл оюунд суурилсан хэрэгслүүдийн хэрэгцээг тод томруун харуулж байна.
Хиймэл оюун нь авлигад хариу арга хэмжээ авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх чадамжийг хууль сахиулах байгууллагад олгож буй онцгой хэрэгсэл юм. Жишээлбэл:
- Худалдан авалтын луйврыг илрүүлэх NLP хэрэгслүүд;
- Тайлбарлагдаагүй хөрөнгө болон хуурамч компанийн сүлжээг илрүүлэх чадвартай машин сургалтын загварууд зэрэг нь урьд өмнө шийдвэрлэхэд бараг боломжгүй гэж үзэж байсан асуудлуудад бодит шийдлүүдийг санал болгож байна.
Азербайжан: Авлигатай тэмцэх бүс нутгийн шинэтгэлийн төв болох эрмэлзэл
Хуралдааныг зохион байгуулсан нь Азербайжаны засаглал, хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын байр суурийг харуулж байна. Тус улсын Ерөнхий прокурор Камран Алиев Азербайжан Улсын стратегийн үүргийг онцолж, COP29 болон Прокуроруудын олон улсын холбооны уулзалтуудыг жишээ татав.
Азарбайжан Улс дижитал шилжилт, ил тод байдлыг дэмжих замаар бүс нутгийн хууль сахиулах шинэчлэлийн төв болох зорилготой байгаагаа илэрхийлэв. Байгаль орчны гэмт хэрэгтэй холбоотой параллель хэлэлцүүлгүүд нь авлигатай тэмцэх арга хэмжээг байгаль орчны бодлоготой уялдуулах дэлхийн чиг хандлагыг тусгасан.
“GlobE” сүлжээ: Мэдээлэл солилцооноос бодит үйл ажиллагаа руу
Оролцогч талуудын тодорхойлсноор “GlobE” сүлжээ нь итгэлцэлд суурилсан, үйл ажиллагааны уян хатан бүтэцтэй платформ бөгөөд олон улсын зохицуулалтыг улам бүр бэхжүүлж байна. Тус сүлжээ нь дараах давуу талтай:
- Бодит цагийн мэдээлэл солилцоог дэмжих;
- Агентлаг хоорондын албан бус хамтын ажиллагааг идэвхжүүлэх;
- Улс хоорондын мөрдөн шалгах ажиллагааг сааруулдаг хууль, журмын саад тотгорыг бууруулах.
НҮБ-ын Мансууруулах бодис болон гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-ын төлөөлөгч Брижит Стробел-Шоу “Авлига нь хил хязгааргүй бөгөөд хууль тогтоомжийн цоорхойд нуугддаг” хэмээн онцолсон нь AI болон олон улсын сүлжээнүүд ямар бүтцийн сул талыг арилгахыг зорьж буйг тодорхой илэрхийлж байна. Авлигын хэлбэрүүдийг ангилан зураглах, AI хэрэгслийг хууль сахиулах тогтолцоонд ашиглах нь институтиудэд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх шинэ чадамжийг өгч байна.
НҮБ-ын Суурин зохицуулагч Владанка Андреева авлига нь иргэдийн эрхийг зөрчиж, сайн засаглалын суурийг ганхуулдаг болохыг сануулсан. Тэрээр Авлигын эсрэг НҮБ-ын конвенц (UNCAC)-ийг олон улсын эрх зүйн стандартад суурилсан чухал тулгуур болохыг дахин баталж, тогтвортой хөгжлийг хангахын тулд хамтын ажиллагаа, ил тод байдлыг бэхжүүлэх шаардлагатайг уриалсан юм.
Зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгийн авлига: Азербайжаны жишээ
Азарбайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев илтгэлдээ авлигын асуудлыг зөрчил мөргөлдөөнөөс хойших сэргээн босголт ба геополитикийн нөхцөл байдалтай холбон хэлэлцүүлгийн хүрээг өргөтгөв. Тэрээр Армен улсын урт хугацааны эзлэн түрэмгийлэл болон эзлэгдсэн нутаг дэвсгэрт нөөц баялгийг хууль бусаар ашигласан явдлыг онцолж, авлигатай тэмцэх тэмцлийг тусгаар тогтнол, шударга ёс, эдийн засгийн дахин сэргэлттэй уялдуулан тайлбарласан юм.
Энэхүү хандлага нь авлигатай тэмцэхэд төдийлөн судлагдаагүй ч чухал нэгэн салбарыг нээн харуулж байна. Тухайлбал, зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудад институтийн сул орон зай, ил тод бус санхүүгийн гүйлгээ давамгайлж байгаа үед AI болон дижитал хэрэгслүүдийг ашиглах нь шинэ боломжийг нээж байна. Ийм нөхцөлд сэргээн босголтын хөрөнгөд аудит хийх, эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлэх, блокчэйнд суурилсан ил тод байдлын платформоор хэрэгжилтийг хянах боломжтой.
Хиймэл оюун ухаантай холбоотой хүлээлт өндөр байгаа ч аюулгүй байдал, ёс зүйд суурилсан хэрэгжилт шаардлагатай. Хууль сахиулах байгууллагад AI ашиглахдаа өгөгдөл хамгаалалтын хатуу стандарт, ёс зүйн хүрээнд нийцүүлэн зохистой ашиглах ёстой. “GlobE” сүлжээ нь энэ хүрээнд зөвхөн үйл ажиллагааг зохицуулах бус, хууль эрх зүйн хүрээнд технологийг ёс зүйтэй ашиглах дэлхийн стандартыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж чадна.
Хиймэл оюун ухаан цаашид улам боловсронгуй болохын хэрээр түүнийг авлигатай тэмцэх тогтолцоонд стратегийн түвшинд нэгтгэхдээ инновац, хариуцлага хоёрын тэнцвэрийг хадгалах нь чухал. Энэ нь зөвхөн технологийн биш институтийн сорилт юм. Тиймээс чадавх бэхжүүлэх, агентлаг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, олон нийтийн итгэлийг бий болгох шаардлагатай.
“GlobE” сүлжээний 6 дугаар Бүрэн хуралдаан нь XXI зуунд авлигатай тэмцэхийн тулд шинэ төрлийн хэрэгсэл, технологи, итгэлцэлд суурилсан түншлэл шаардлагатай гэсэн ойлголт дэлхий даяар гүнзгийрч байгааг илтгэнэ. AI болон дэвшилтэт технологи нь урьд өмнө байгаагүй боломжуудыг олгож байгаа ч тэдгээрийн амжилт нь олон улсын хамтын амлалт, бодлогын уялдаа, нийтлэг үнэт зүйлсээс шууд хамаарна.
Олон улсын хамтын нийгэмлэг аюул заналын шинэ хэлбэртэй нүүр тулахын хэрээр “GlobE” сүлжээ болон Азербайжан шиг орнууд эдгээр сорилтод хариу өгөх, илүү ил тод, хариуцлагатай, дижитал тэсвэртэй дэлхийн дэг журмыг бүрдүүлэхэд гол үүрэгтэй хэвээр байна.
Эх сурвалж: https://www.azernews.az/analysis/242060.html