
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 79 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 558 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 329 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 229 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 79 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нэр бүхий 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Дорноговь, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагын эрх бүхий 40 албан тушаалтанд “ХАСУМ, ХАСХОМ, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хадгалах болон цахим системийн ашиглалт” сэдвээр сургалт зохион байгууллаа.