Казахстан Улсын Авлигын эсрэг байгууллагыг Үндэсний аюулгүй байдлын хороонд шилжүүлэв
Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев бие даасан Авлигатай тэмцэх агентлагийг татан буулгаж, тус байгууллагын чиг үүргийг Үндэсний аюулгүй байдлын хороо (ҮАБХ)-нд шилжүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Төрийн албыг шинэчлэн сайжруулах, оновчтой болгох зорилгоор уг шийдвэрийг гаргасан хэмээн албаныхан тайлбарлаж байна.
Зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн шууд харьяанд байсан авлигатай тэмцэх үүрэг бүхий Авлигатай тэмцэх агентлаг татан буугдаж, ҮАБХ-ны зургаа дахь нэгж хэлтэс болгон нэгтгэгдэв. Энэ нь Хил хамгаалах алба, Гадаад тагнуулын алба, Засгийн газрын харилцаа холбооны алба, “А” тусгай алба (тусгай хүчин), Нисэх хүчин зэрэг бусад тусгай чиг үүрэг бүхий нэгжүүдийн хамт ҮАБХ-нд харьяалагдах болж байна.
Авлигатай тэмцэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, агентлаг хоорондын уялдаа холбоог хангах, олон нийттэй харилцах зэрэг зарим чиг үүргийг Төрийн албаны асуудал эрхэлсэн агентлагт шилжүүлэхээр болжээ. Мөн тус агентлагт татан буугдаж буй Авлигатай тэмцэх агентлагийн зарим ажилтан, хүний нөөцийг шилжүүлэн томилох юм.
“Төрийн захиргааны тогтолцоог шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх агентлагийг Үндэсний аюулгүй байдлын хороотой нэгтгэн, дахин зохион байгуулсугай” хэмээн уг зарлигт дурджээ.
Авлигатай тэмцэх агентлаг нь 2014 онд байгуулагдсан бөгөөд 1994 оноос үйл ажиллагаа явуулж байсан Эдийн засгийн болон авлигын гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг буюу санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх агентлагийн залгамж бүтэц байв. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн уг агентлаг нь Ерөнхийлөгчид шууд харьяалагдаж, авлигатай тэмцэх бодлого боловсруулах, мөрдөн шалгах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.
Зарлигийн дагуу Үндэсний аюулгүй байдлын хороо шинээр байгуулагдаж буй авлигатай тэмцэх нэгжийн дүрмийг боловсруулж, Төрийн албаны асуудал эрхэлсэн агентлагт хамаарах хүний нөөцийн дахин хуваарилалтын саналыг нэг сарын дотор гаргах үүрэгтэй. Мөн засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 1-ний дотор дээрх бүтцийн өөрчлөлтийг тусгасан хуулийн төслийг боловсруулж, Их Хуралд өргөн мэдүүлэх ёстой.
“Ерөнхийлөгч Токаев Авлигатай тэмцэх чиг үүргийг Үндэсний аюулгүй байдлын хороонд нэгтгэх шийдвэр гаргасан нь хууль сахиулах байгууллагын тогтолцоог бүхэлд нь хамарсан өргөн хүрээний шинэчлэлийн эхний шат байж болох юм” хэмээн "The Times of Central Asia" сонинд мэдээлжээ.
Эх сурвалж: https://timesca.com/