Оросын Батлан хамгаалахын орлогч сайд асан авлигын хэргээр 13 жилийн хорих ял сонсжээ
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд асан Тимур Иванов мягмар гарагт авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдож 13 жилийн хорих ял авлаа.
Тимур Иванов 2024 оны 4 дүгээр сард хахууль авсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж баривчлагдсан бөгөөд мөрдөгчид 10 дугаар сард түүнд холбогдуулан хөрөнгө завшсан гэх шинэ зүйл ангийг нэмсэн байна.
Түүнд холбогдох хэрэг нь сүүлийн жилүүдэд Оросын батлан хамгаалах салбарыг донсолгосон хамгийн том авлигын дуулиануудын нэг юм. Тус мөрдөн шалгалтын хүрээнд арав гаруй хүнийг баривчлаад байна.
Төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Иванов болон түүнтэй холбоотой бусад этгээдүүдийн завшсан гэж үзэж буй нийт хөрөнгийн хэмжээ 4.1 тэрбум рубль (ойролцоогоор 44.3 сая евро) бөгөөд ихэнх нь гадаад данс руу банкны шилжүүлгээр хийгджээ.
Тус хэргийн шүүх хурлыг төрийн нууцад хамааруулан хаалттай явуулсан бөгөөд Ивановын харьяанд ажиллаж байсан Антон Филатовыг 12 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн байна.
Иванов болон түүний эхнэр Москва хотын төвд тансаг зэрэглэлийн орон сууц, хотын захад англи хэв маягийн гурван давхар харш, мөн Bentley, Aston Martin зэрэг олон тооны сонгодог автомашины цуглуулгатай байсан талаар Оросын хэвлэл мэдээллийн сайтууд мэдээлсэн байна.
Ивановыг өнгөрсөн жил баривчилсан нь Оросын нэр нөлөө бүхий “Z-блогерууд” — Украиныг эзлэн түрэмгийлэх ажиллагааг дэмждэг, фронтын цэргүүдийг цэргийн дээд удирдлагууд хөсөр хаясан хэмээн шүүмжилдэг дайны сурвалжлагч, шинжээчдийн бүлгийн зүгээс баяртайгаар хүлээн авсан үйл явдал болсон юм. Тэд дээд командлалыг авлигажсан, бодит байдлаас тасарсан, чадваргүй хэмээн удаа дараа шүүмжилж ирсэн.
Эх сурвалж: https://tvpworld.com/87581859/