
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ
Улс Монголын маань түүх уламжлал, ёс заншил, өв соёлыг багтаасан төрт ёсны төгс бэлгэдэл бүхий Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Нийгэмд шударга ёсыг тогтоож, улс орондоо хөгжил дэвшлийг авчрах эрхэм зорилгын дор Авлигатай тэмцэх газрын хамт олон авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргээ төр, засгийн авлигатай тэмцэх хүсэл зориг, иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр үр дүнтэй хэрэгжүүлсээр байна.
Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бусад улс орнуудын ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад харилцааг идэвхтэй өргөжүүлснээр үндэстэн дамнан үйлдэгддэг санхүүгийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрахад тодорхой ахиц гаргаж байна. Энэхүү ажлын үр дүнг үнэлэн Ази-Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний даргалагч улсаар манай байгууллага сонгогдон ажиллаж байгаа ба тус сүлжээний 10 дахь удаагийн Жилийн бүгд хурлыг энэ намар эх орондоо зохион байгуулах болно.
Наадамчин олон Та бүхэндээ хамт олныхоо өмнөөс болон хувиасаа Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн их ойн баярын мэнд хүргэе.
Зуун, мянганаар өртөөлсөн арвин түүхийн эзэд Монгол түмэн минь есөн хөлт цагаан тугаа өөд тэнгэртээ залж, ерөөл буяны хийморийг сэргээн, санаа цагаан, заяа тэгш, дэлгэр сайхан наадаарай.
Төр төвшин, айл өрх амгалан, хүн зон эрүүл саруул байж, мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадраг.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР З.ДАШДАВАА
2025.07.10.