7 сарын 31, 2025         362

“Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг шинэчлэн хэвлүүлэв

iaac

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг шинэчлэн боловсруулж хэвлүүллээ.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ашиг сонирхлын зөрчлийг илэрхийлэх мэдэгдэл, тайлбар) гаргуулах нь албан тушаалтанд  ашиг сонирхлын зөрчил үүсэх болон үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, нийтийн албанд шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, олон нийтийн хяналтыг бүрдүүлэх чухал алхам болдог.

Уг мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягтыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор, маягтуудыг бөглөх зааврыг Авлигатай тэмцэх газрын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар тус тус баталсан тул энэ талаар гарын авлагад тусган, улсын хэмжээнд ажиллаж байгаа 50 мянга орчим албан тушаалтанд хүргүүлнэ. 

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь өөрийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг тус тус үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэг хүлээдэг. Албан тушаалтнаас уг үүргийнхээ хэрэгжилтийг хангахад нь дэмжлэг болох зорилгоор мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягтын талбар дахь нэр томьёоны тодорхойлолтыг түгээмэл гардаг асуултад хариулсан байдлаар гарын авлагыг боловсрууллаа.

“Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг ЭНД ДАРЖ татаж авах боломжтой.

Хяналт шалгалтХАСХОМХАСУММэдээ мэдээлэлНом

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих