
Авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба зэрэг байгууллага, албан тушаалтанд нийт 17 асуудал бүхий зөвлөмжийг хүргүүлэв.
Төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, “Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журам”, “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай журам”, "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл байгуулах, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай журам”, “Амгалан дулааны станц” болон “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажилтан сонгон шалгаруулж авах журам, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай”, “Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай”, “Албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” зэрэг нийт 15 шийдвэрийг хянав.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 9 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 411 албан тушаалтныг хамрууллаа.