
Албани улс авлигын эсрэг хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томиллоо
Тирана (Албани) (AFP) – Албаны Ерөнхий сайд Эди Рама дэлхийд анх удаа хиймэл оюунаар бүтээсэн засгийн газрын сайдыг томилсноо мэдэгдэв. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн сайд нь улсын худалдан авалтыг хариуцах бөгөөд үүний үр дүнд авлигаас ангид байх болно гэж тэрээр онцоллоо.
Тавдугаар сарын сонгуулийн томоохон ялалтын дараа Социалист намын хурлын үеэр Албани улсын Ерөнхий сайд Эди Рама шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлах үеэрээ шинэ “гишүүн”-ийг танилцуулсан бөгөөд түүнд “Диелла” (албани хэлээр “Нар” гэсэн утгатай) хэмээх нэр өгчээ.
“Диелла бол биечлэн оршин байдаггүй, харин хиймэл оюунаар виртуал хэлбэрээр бүтээгдсэн анхны Засгийн газрын гишүүн юм. Диеллад төрийн худалдан авалтын бүх шийдвэрийг хариуцуулсан. Ингэснээр худалдан авах ажиллагааг 100 хувь авлигаас ангижруулж, худалдан авах ажиллагааны журамд хамаарах нийтийн хөрөнгө бүрэн ил тод байх болно” гэж хэллээ.
Диеллаг өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсны e-Albania платформыг ашиглан иргэдэд баримт бичиг болон үйлчилгээ авахад туслах хиймэл оюунд суурилсан виртуал хэлбэрээр нэвтрүүлжээ. Тэрээр Албаны уламжлалт хувцастай эмэгтэй дүр төрхтэйгөөр бүтээгдсэн байна. Албан ёсны мэдээгээр өнөөг хүртэл тус системээр 36600 цахим баримт бичиг олгож, ойролцоогоор 1000 орчим үйлчилгээг үзүүлжээ.
Сонгуулиар дөрөв дэх удаагаа Ерөнхий сайдаар сонгогдсон Эди Рама ирэх өдрүүдэд шинэ Засгийн газраа хууль тогтоогчдод танилцуулах юм. Ялангуяа төрийн захиргаанд түгээмэл тархсан авлигыг бууруулах нь Албани улсын Европын Холбоонд элсэх гол шалгууруудын нэг билээ. Ерөнхий сайд Рама 2.8 сая хүн амтай Балканы энэ улсыг 2030 он гэхэд Европын улс төрийн холбоонд оруулах зорилт тавьж ажиллаж байна.
Эх сурвалж: https://www.france24.com/en/live-news/20250911-albania-appoints-ai-generated-minister-to-avoid-corruption