9 сарын 17, 2025         89

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав

iaac

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдах албан тушаалтнууд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр уулзаж, сургалт зохион байгууллаа.

Уулзалт, сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар Н.Батчулуун, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Гэрээ, эрх зүйн газрын дарга У.Чинзориг, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албаны дарга О.Мягмарсүрэн, Дамжуулах хоолой хариуцсан албаны дарга Г.Болорчулуун, Технологийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнэ, Техникийн хяналтын албаны дарга Б.Энхбат нар оролцов.

Уулзалтаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” байгуулсан төслүүдийн хэрэгжилт, түүнээс гадна газрын тосны дээш урсгал болох хайгуул, ашиглалтын чиглэлээр 2017-2025 онд хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тухайлбал “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, төлөвлөлт, инженерчлэлээс бүтээн байгуулалтын үе шатанд 2021 онд шилжиж, эхний багц ажлыг 100 хувь дуусган 2024 онд улсын комисст бүрэн хүлээлгэж өгсөн талаар танилцууллаа.

Сургалтын явцад “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас бэлтгэн гаргасан “Дэд бүтцийн төслийн авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал” /ИКРАТ/-ыг мэдээлж, одоо үүссэн болон ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж, төслийг төлөвлөсөн цаг хугацаанд төсөвт өртөгт багтаан чанартай гүйцэтгэхэд анхаарах, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд уг аргачлалыг мөрдөж ажиллах талаар зөвлөв. Монгол, Энэтхэг хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-д онцгой анхаарч, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

iaac

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих