
"Шударга ёс" сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авах тухай
Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэд, олон нийтийн авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд эрхлэн гаргадаг “Шударга ёс” сэтгүүлийн 2025 оны сүүлийн дугаарт эрдэмтэн, судлаач та бүхнийг эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Тус сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь “Шударга ёс” онол, практик, арга зүйн сэтгүүлийг эрхлэн гаргах журмын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байвал зохино.
Эрдэм шинжилгээний бүтээл нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх, шударга ёсны талаарх онолын болон практикийн тулгамдсан асуудлыг хөндсөн, хандлага зохицуулалтыг харьцуулан авч үзсэн, эсхүл шийдэл эрэлхийлсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, дүгнэлт гаргасан, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн, судалгааны ач холбогдолтой байна.
- Агуулгын хувьд зохиогчийн эрхийн болон ёс зүйн зөрчилгүй байх;
- Бүтээлийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, албан тушаалыг монгол, англи хэлээр бичсэн байх;
- Бүтээлийн зохиогчийн зураг (300-аас доошгүй dpi нягтаршилтай, jpg, psd өргөтгөлтэй), цахим шуудан, холбоо барих утасны дугаарыг хавсаргасан байх;
- Бүтээлийг MS Word программаар, үндсэн бичвэрийг Times New Roman, 11 pt, мөр хоорондын зай 1 (single); эшлэл, зүүлтийг Times New Roman, 10 pt, мөр хоорондын зай 1 (single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд (.docx) өргөтгөлтэй байх;
- Бүтээл нь өмнө нь гадаад болон дотоодод хэвлэн нийтлэгдээгүй, нийтийн хүртээл болоогүй байх;
- Хэл зүйн хувьд нийтлэлийн шаардлагыг хангасан байх;
- Гадаад нэр томьёог галигласан бол хаалтад тухайн гадаад хэлээрх нэр томьёог бичсэн байх;
- Зураг, график схемийг цахим болон хэвлэмэл байдлаар ирүүлсэн байх.
Жич: Бүтээлийг 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл shudargayos@iaac.mn цахим хаягаар хүлээн авна.
ЭНД ДАРЖ журамтай танилцана уу.