9 сарын 25, 2025         576

ХӨРӨНГӨ БУЦААХ СҮЛЖЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ХУРЛЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

iaac

Авлигатай тэмцэх газраас Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурлыг 2025 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсдаа 2 дахь удаа зохион байгууллаа. Энэ удаагийн олон улсын хурлыг “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежмен-тийн эрх зүйн зохицуулалт” үндсэн сэдвийн хүрээнд цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх арга туршлага, сайн жишээ, яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгийн менежментийн шинэ тренд зэрэг асуудлаар Австрали, Тайланд, Малайз, Филиппин, Папуа Шинэ Гвиней, Энэтхэг, Фижи, Шинэ Зеланд улсын төлөөлөгч нар илтгэл мэдээлэл хийж, 3 салбар хаалттай хуралдаанаар хэлэлцүүлэв.   

iaac

Авлига болон хууль бус хөрөнгийн урсгалтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал. Бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох улс орнуудын хамтын ажиллагаанд Авлигатай тэмцэх газар өөрийн бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Хөрөнгө буцаах сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар 2025 оны даргалагч улсын статусаар олон улсын энэхүү томоохон бүгд хурлыг эх орондоо 2 дахь удаагаа зохион байгуулсан нь үүний тод жишээ юм.

Олон улсын хуралд Хөрөнгө буцаах сүлжээний гишүүн орнууд төдийгүй хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын болон бүс нутгийн, үндэсний хэмжээний байгууллагууд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Ойрх дорнод, Хойд Африкийн хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээ зэрэг төлөөлөл оролцов.

iaac

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлын нээлтэд оролцож үг хэлэхдээ, санхүүгийн болон мөнгө угаах гэмт хэрэг, авлига, терроризмын санхүүжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтын нэг хэсэг болох арга хэмжээ эхэлж байна. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас гаргасан тайланд дурдсанаар хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээ нь улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын хооронд мэдээллийг хурдан шуурхай солилцох гүүр болж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг илрүүлэх, царцаах, хураах, буцаах үйл явцыг дэмжиж байна. Тиймээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагаа төдийгүй бүс нутгийн улс орнууд болон тухайн улс орнуудын хууль сахиулах байгууллага хооронд итгэлцэл бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх чухал үйл хэрэг юм гэдгийг онцлоод Монгол Улс бүс нутгийн энэ чухал санаачилгад хувь нэмрээ оруулж, сүлжээний гишүүдийн хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгохын төлөө тууштай дэмжиж ажиллана гэлээ.

iaac

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Хууль бус хөрөнгийн урсгал улам бүр цахим хэлбэрт шилжиж, виртуал хөрөнгө, криптовалютын гүйлгээ, хил дамнасан цахим шилжүүлэг хэлбэрээр тэлж байна. Энэ нөхцөлд бид зөвхөн хууль, эрх зүйн арга хэрэгслээр хязгаарлагдахгүй шинэ технологи, ялангуяа хиймэл оюун ухааны боломжуудыг өргөнөөр ашиглах шаардлагатай болсон. Хиймэл оюун ухаан болон дэвшилтэт дижитал технологи нь хууль бус хөрөнгийн гүйлгээг илрүүлэх, санхүүгийн сэжигтэй урсгалыг мөрдөн шалгах, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээг түргэн шуурхай хийх шинэ гарц юм" гэж хэлэв. 

Хууль бус хөрөнгийн урсгалыг нэг улс дангаараа шийдвэрлэх боломжгүй, олон улсын нягт хамтын ажиллагааг шаардсан нийтлэг сорилт, хүндрэл бэрхшээл бөгөөд энэхүү хурлаар бүс нутгийн хэмжээнд тулгарч буй нийтлэг сорилтуудаа тал бүрээс хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэхийн зэрэгцээ технологид суурилсан хамтын ажиллагааны илүү үр дүнтэй шинэ боломжуудыг нээж чадна хэмээн улс орнуудын төлөөлөгчид санал бодлоо илэрхийллээ.

iaac


АРИН-АП гэж юу вэ?

Asset Recovery Interagency Network-Asia Pacific (ARIN-AP)    

Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ буюу APИН АП нь зөвхөн хууль сахиулах байгууллагуудын ажил хэргийн сүлжээ төдийгүй шударга ёс, ил тод байдлын төлөөх хамтын хүчин чармайлтын илэрхийлэл юм.

Сүлжээний хүрээнд бүс нутгийн улс орнууд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах, буцаан авах талаар харилцан мэдээлэл солилцож, туршлагаасаа суралцаж, цаашдын хамтын ажиллагааны шинэ гарцыг эрэлхийлж ажилладаг.

2013 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо анхдугаар хуралдаанаа зохион байгуулснаар албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

Мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны гол цэг, холбогч байж, гэмт хэргийн хууль бус орлогыг мөшгих, илрүүлэх, царцаах болон хураан авахад чиглэсэн хүчин чармайлт, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой.


Мэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих