
“Хан-Алтай ресурс” ХХК-ийн ажилтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд татан оролцуулах чиглэлээр “Хан-Алтай ресурс” ХХК-ийн ажилтнуудыг сургалтад хамруулав.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, ажилтан, комиссар Н.Батчулуун нар авлигын эрсдэлд өртөх магадлалтай, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй ажлын байр, албан тушаалыг тодорхойлох, тухайн ажлын байранд тулгарч болзошгүй эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ төлөвлөх, ажилтнуудын ёс зүй, шударга байдлыг хангах чиглэлээр сургалт, мэдээллийг зохион байгуулан санал солилцож, арга зүйн зөвлөгөө өглөө.
“Хан-Алтай ресурс” ХХК нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт явуулдаг бөгөөд хариуцлагатай уул уурхайн кодекс, стандартыг нэвтрүүлж, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагааг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.