10 сарын 13, 2025         18

Хэрэг хянах систем нь авлигын эсрэг мөрдөн шалгах ажиллагааг шинэ шатанд гаргалаа

iaac

Шри Ланк Улсын Авлига, хахуулийн хэргийг шалгах комисс (CIABOC) нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Хэрэг хянах систем (Case-File Tracking System)-ийг албан ёсоор нээлээ. Энэхүү систем нь “Авлигын эсрэг бодлогыг дэмжих замаар эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийж буй ажлын нэг хэсэг юм.

Нээлтэд CIABOC-ын дарга, шүүгч Нейл Иддавала, Япон Улсаас тус улсад суух Элчин сайд Камошида Наоаки, CIABOC-ын ерөнхий захирал, ноён Ранга Диссанаяке, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Шри Ланк дахь суурин төлөөлөгч хатагтай Азуза Кубота нар оролцов.

Хэрэг хянах систем нь дижитал технологид суурилсан орчин үеийн платформ бөгөөд байгууллагын үйл ажиллагаа болон мөрдөн шалгах процессыг шинэчилж, баримт бичгийн менежментийг хялбарчилж, ажлын үр ашгийг нэмэгдүүлэх, цаг хугацааны хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Энэ нь CIABOC-ын Үндсэн хуулиар олгогдсон чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдүүлж, үндэсний “Цэвэр Шри Ланк” төсөлд өндөр хувь нэмэр оруулна гэжээ.

CIABOC-ын дарга, шүүгч Нейл Иддавала хэлэхдээ “Бид өнөөдөр зүгээр нэг програм хангамж нээж буй биш харин байгууллагынхаа үндсэн чиг үүргийн хүрээнд гомдол бүртгэл, бичиг баримт, хэрэг хяналтын урсгалыг удирдах шинэ загварт шилжиж байна. Өнөө үед мэдээллийг хянах, үр дүнтэй удирдах нь олон нийтийн итгэлцэлтэй шууд хамааралтай бөгөөд Хэрэг хянах систем нь CIABOC-ын үйл ажиллагаанд шинэ эрин үеийг авчрах болно” гэлээ.

Японы Элчин сайдын яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь төслийн техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Япон Улсаас тус улсад суух Элчин сайд Камошида Наоаки “Шинэ хэрэг хянах систем нь CIABOC-ын мөрдөн шалгах ур чадварыг  улам сайжруулах болно. Авлигыг устгах нь төрд итгэх итгэлийг сэргээхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ нь Шри Ланк Улсын эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулах юм. Япон Улс Шри Ланкын сайн засаглал, авлигын эсрэг хүчин чармайлтыг дэмжсээр байх болно” гэж хэлэв.

Уг системийг нээсэн нь төрийн байгууллагуудын дижитал шилжилтийн өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм. Цахим технологийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр үр ашиггүй байдал, хүнд суртал багасаж, авлигын эсрэг хяналтын тогтолцоо бэхжих боломжтой. Энэ нь UNDP болон хөгжлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “e-Record Room-цахим бүртгэл, хадгалалтын систем”, “e-Procurement Monitoring System-цахим худалдан авах ажиллагааны хяналтын систем” болон удахгүй нэвтрэх “e-Asset Declaration Platform-цахим хөрөнгө орлогын мэдүүлгийн систем” зэрэг бусад дижитал шинэчлэлийн ажлуудтай уялдана. Мөн ОУВС-гийн зөвлөмжийн дагуу авлигын хэргийг мөрдөн шалгах, ял шийтгэлийг чангатгах, хэрэг бүртгэлийн нэгдсэн мэдээллийг хөтлөх, хэргийн урсгалын менежментийг оновчтой болгох чиглэлээр хувь нэмэр оруулна гэжээ.

Түүнчлэн системийг үр ашигтай хэрэгжүүлж, тогтвортой ажиллуулахын тулд Японы Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран нийт 202,000 ам.долларын (725,676,920 төгрөг) өртөг бүхий тоног төхөөрөмжийг CIABOC-д хүлээлгэн өгсөн бөгөөд албан хаагчдыг сургалтад хамруулснаар уг системийг бүрэн ашиглах ур чадварыг бүрдүүлжээ.

Эх сурвалж:  https://www.undp.org/srilanka/press-releases/new-case-file-tracking-system-revolutionises-anti-corruption-investigations

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих