Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 452 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 163 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал тогтоогдсон 2 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 104 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий албан тушаалтныг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.
Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, зээлийг дутуу мэдүүлсэн албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүллээ.