Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Camden Asset Recovery Inter-Agency Network (CARIN)” сүлжээний бүгд хуралд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Нидерландын Хаант Улсын Гаага хотноо эхэлсэн “Camden Asset Recovery Inter-Agency Network (CARIN)” сүлжээний ээлжит жилийн Бүгд хуралд оролцож байна.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө хураах сүлжээ (ARIN-AP)-ний даргалагчийн хувиар уг Бүгд хуралд оролцож, тус бүс нутгийн хамтын ажиллагааны туршлага, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгийн хураалт, буцаан авах ажиллагааны сайн туршлага, сорилт, шийдлийн талаар бусад бүс нутгийн сүлжээнүүдтэй туршлага, мэдээлэл солилцож байна.
Дэлхий дахинаа авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж буй бусад бүс нутгийн 9 сүлжээний төлөөлөл, Европын Камдан сүлжээний гишүүн болон ажиглагч зэрэг 60 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөл энэхүү хуралд оролцож байгаа төдийгүй шинээр байгуулагдсан Ойрх дорнод, Хойд Африкийн сүлжээ, мөн төв Африкийн сүлжээний төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлогтой юм.
Европын Холбооны Эрүүгийн цагдаагийн байгууллага болох Европол (Europol)-ын төв байранд болж буй Бүгд хуралд оролцогчид гэмт хэргийн орлого, хөрөнгийг мөшгин илрүүлэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ технологийн хэрэглээ болон өгөгдөлд суурилсан мөрдөн шалгах аргачлал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, гишүүн орнуудын төлөөлөгчид хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцооны үр нөлөөг дээшлүүлэх талаар санал солилцоход хурлын зорилго оршиж байгааг онцолж байна.
CARIN нь гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх, хураан авах, буцаах чиглэлээр гишүүн орнуудын хууль сахиулах, прокурорын болон шүүх байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилготой олон улсын сүлжээ юм. 2004 онд Бельгийн Камден хотод байгуулагдсан тус сүлжээний зохион байгуулалтыг хангах нарийн бичгийн даргын газрын үүргийг Европол байгууллага хариуцан ажилладаг бөгөөд өнөөгийн байдлаар 50 гаруй улс болон олон улсын байгууллагуудын гишүүнчлэлтэй байна.
Ээлжит бүгд хуралд гишүүн орнуудын үндэсний төв холбоо баригч байгууллагуудын төлөөлөгчдөөс гадна Европын Холбоо, ЕвроЖаст, Интерпол болон холбогдох олон улсын түнш байгууллагууд оролцож, хөрөнгийн хураалт, буцаан олголттой холбоотой шинэ чиг хандлага, туршлага, хууль эрх зүйн зохицуулалт, хамтын ажиллагааны механизмын талаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
CARIN сүлжээний бүгд хурлын үр дүнд нарийн бичгийн газар болон гишүүн орнуудын төлөөлөгчид 2026-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги-төлөвлөгөөг танилцуулж, бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх сургалт, чуулга уулзалтын хөтөлбөрүүдийг хэлэлцэн тодорхойлно.