Зөвлөхийн ажлын даалгавар

Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээд улс төрийн дэмжлэг авах боломжийг хязгаарлах талаар эрх зүйн зохицуулалтын санал, зөвлөмж боловсруулах
1. Зорилго, үндэслэл
Монгол Улсын Засгийн газар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, шударга ёсыг хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагуудын шударга ёс, хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 5.1-д “Эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангана”, Зорилт 5.6-ын 1-д “Нийгмийн бүх түвшинд шударга ёсыг бэхжүүлэх бодлогын болон хууль, эрх зүйн орчин бүрдэнэ” гэж тус тус заасан.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.5.2.2-т “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтнуудад улс төрийн нам, эвсэл, нэгдмэл сонирхол бүхий бүлгүүдийн зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг бий болгох” арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд улс төрийн дэмжлэг, хамгаалалт үзүүлэх нь хуулийн өмнө тэгш байх зарчмыг алдагдуулж, шударга шүүхээр шийдвэрлүүлэхэд саад болж, улс төрийн институц, цаашлаад төр, засагт итгэх иргэдийн итгэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх магадлал өндөр юм. Энэ нь Монгол Улсын авлигын индексийг бууруулахад нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ч зохих байдлаар нөлөөлөх болно.
Иймд авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд улс төрийн дэмжлэг үзүүлэх, зүй бус нөлөөллийг хязгаарлах, Үндсэн хуулиар олгогдсон эрх, ардчиллын зарчим, олон улсын жишигт нийцэх байдлыг хангахуйц хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай байна.
2. Зөвлөхийн ажлын гол зорилго
Энэхүү ажлын гол зорилго нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, олон улсын шилдэг туршлагад тулгуурлан авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтнуудад улс төрийн дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлахад чиглэсэн хууль эрх зүй, бодлогын цогц зөвлөмж, хуулийн төслийг боловсруулахад оршино.
3. Зөвлөхийн гүйцэтгэх ажил
Эрх зүйн орчны шинжилгээ хийх:
-Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг судлан дүн шинжилгээ хийж, яллагдагчдад улс төрийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах боломж, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй хязгаарлалт, зөрчлүүдийг тодорхойлох.
Олон улсын туршлага судлах:
-Авлигатай тэмцэх үр дүнтэй зохицуулалттай улс орнуудад авлигын хэрэгт яллагдагч (жишээлбэл, ял шийтгэгдсэн болон яллагдагчаар татагдсан этгээд, сэжигтнийг хамруулна)-аар татагдсан этгээдэд улс төрийн нам, эвсэл, бусад бүлгүүдээс дэмжлэг үзүүлэх (санхүүжилт, нэр дэвшүүлэх, хамгаалах мэдэгдэл хийх гэх мэт) боломжийг хязгаарласан хууль эрх зүйн зохицуулалт, туршлагыг харьцуулан судлах.
Төслийн хувилбаруудыг боловсруулах:
-Монгол Улсын онцлогт тохирсон гурваас доошгүй хувилбарыг боловсруулж, тус бүрийн давуу болон сул тал, хэрэгжих боломж, Үндсэн хуулийн зарчим, хүний эрхийн зөрчил үүсэх эсэхийг үнэлэх.
Зөвлөмж, хуулийн төслийн санал боловсруулах:
-Хамгийн оновчтой гэж үзсэн хувилбар дээрээ үндэслэн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга болон нарийвчилсан зөвлөмжийг боловсруулах, шаардлагатай бол хэлэлцүүлэг зохион байгуулж, саналаа танилцуулах.
4. Зөвлөхөд тавигдах шаардлага
-Боловсрол: Эрх зүй, улс төр судлал зэрэг чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
-Туршлага: Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, улс төрийн эрх зүй, авлигатай тэмцэх чиглэлээр ажилласан туршлагатай байх;
-Мэдлэг: Монгол Улсын Үндсэн хууль, эрүүгийн эрх зүй, улс төрийн намын эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэгтэй байх;
-Ур чадвар: Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан бичих өндөр ур чадвартай байх.
5. Хүлээлгэн өгөх ажил, хугацаа
Зөвлөх нь дараах үр дүнгүүдийг тогтоосон хугацаанд гаргаж өгнө:
- Эрх зүйн орчны шинжилгээ, олон улсын туршлагын харьцуулсан судалгаа. (Хугацаа: Гэрээ байгуулснаас хойш 2 долоо хоногт)
- Эрх зүйн зохицуулалтын нарийвчилсан гурван хувилбар (давуу/сул тал, хуулийн нийцлийн үнэлгээтэй). (Хугацаа: 2 долоо хоногт)
- Холбогдох хуулийн төслийн санал, үзэл баримтлал, танилцуулга, санал зөвлөмжийн төсөл, тайлан. (Хугацаа: 1 долоо хоногт)
6. Холбоо барих
Материалыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. Зөвлөхөөр ажиллах хүсэлт, CV танилцуулгаа биечлэн авчирч өгөхөөс гадна тус газрын ажилтны цахим шуудангаар илгээж болно.
Ажилтны мэдээлэл: Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар С.Галбадрах. Цахим шуудангийн хаяг: galbadrakh@iaac.mn, Утасны дугаар: +976 98039899