М Э Н Д Ч И Л Г Э Э

Шинэ оноо угтан авахаар халуун ам бүлээрээ сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Шинэ жил бол айл гэр, албан байгууллага, хамт олноороо ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцэж, ирэх оноо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр угтан авахын эхлэл болдог хүн төрөлхтний баяр билээ.
Авлигатай тэмцэх газрын хувьд 2025 оноо арвин баялаг түүхэн онцлог үйл явдлуудаар дүүрэн үдэж байна. Авлигын гэмт хэргийг шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй явуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг нарийвчлан шалгах, хулгайлагдсан хөрөнгө буцаах, хохирол нөхөн төлүүлэх чиглэлээр манай хамт олон ихэд чармайн ажиллалаа.
2025 онд 1911 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2.5 хувиар, хэргийн шийдвэрлэлт 2.9 нэгжээр өсч, шүүхээр 225 хэрэг шийдвэрлэгдсэн нь өмнөх оноос 4.2 хувиар өссөн байна. Мөрдөн байцаалтын явцад 163,1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 84,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалав. Гадагш хулгайлагдсан авлигын гэмт хэргийн 13,9 сая ам.долларын хөрөнгийг хилийн чанадаас буцаан авчирч, улсын орлого болгоод байна. Төрийн 79 байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх 85 зөвлөмж хүргүүлж, соён гэгээрүүлэх арга хэмжээнд 57772 хүнийг хамруулж, 3034 гомдол, мэдээлэл хянан шалгаснаас 159 албан тушаалтанд холбогдох зөрчлийг тогтоож, 84 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар татварын албатай хамтран илрүүлсэн 4,7 тэрбум төгрөгийн татварын зөрчилд 590,9 сая төгрөгийн төлбөрийг төлүүлж, ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгах явцад нийт 735,1 сая төгрөгийн хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүллээ.
Улиран одож буй 2025 оны ололт, амжилт бүхэн Та бидний хамтдаа бүтээсэн үнэт зүйл юм. Энэхүү хамтын ажиллагаа нь нийгэмд шударга ёсыг тогтоож, улс орноо хөгжил дэвшилд хүргэх их үйлсийн цөм байсан гэдэгт миний бие итгэлтэй байна.
Авлигын эсрэг хууль батлагдан Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд Монгол төрийн өмнө хуулиар хүлээсэн чиг үүргээ манай хамт олон чин шударгаар, хараат бусаар хэрэгжүүлэн, ирэх он цагуудын түүхээ илүү бахдам амжилт, ололтоор бичиж үлдээх болно.
Айсуй 2026 онд иргэн бүр энх тунх, айл болгон аз жаргалтай, ажил өрнөж, амьдрал жигдэрсэн, төр түмнээрээ түвшин жаргалаар бялхсан хөгжил дэвшлийн жил байх болтугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадраг.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР ЗАНДРААГИЙН ДАШДАВАА
2025.12.31.