Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 419 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 419 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 137 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 282 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 1 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 9 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Тус хэлтсээс нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.