1 сарын 19, 2026         70

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийллээ

iaac

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар 35 ортой эмнэлгийн өмчлөлийг хувь хүнээс буцаан шилжүүлсэн байна.

Энэ талаар нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Бямбасүрэнгээс Авлигатай тэмцэх газарт талархлын албан бичиг ирүүлэв. Уг албан бичигт “Манай Эрүүл мэндийн төв Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж 19 тоотод байрлах 750 ам метр талбайтай зоорийн давхартай дөрвөн давхар үйлчилгээний зориулалттай Ү-2205028409 дугаартай үл хөдлөх хөрөнгийг улсын төсвийн 998,0 сая төгрөгөөр 2010 онд худалдан авсан. Гэвч өнөөдрийн зах зээлийн ханшаар 2,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн, энэхүү хөрөнгө нь 15 жилийн өмнө төрд худалдсан атлаа иргэн Ч.Б, Б.Б нарын өмчлөлд хэвээр байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хөрөнгийг Эрүүл мэндийн төвтэй хамтран өмчлөгч нарыг оролцуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгүүлэх ажиллагааг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10-2/1641 дугаартай “Өмчлөх эрх бүртгэсэн тухай” албан бичгээр мэдэгдсэнийг хүлээн аваад энэхүү талархлыг хүргүүлж байна. Авлигатай тэмцэх газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэсэн байна.

Ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан ч 15 жилийн турш хувь хүмүүсийн өмчлөлд байсан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлгийн барилга төвийн өмчлөлд шилжиж бүртгэгдлээ.

Мөрдөн шалгахМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих