МАЛАЙЗ: Цэргийн дээд албан тушаалтнуудыг авлигын хэргээр шалгаж байна
Малайзын Авлигатай тэмцэх комисс (MACC) мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр зэвсэгт хүчний хоёр өндөр албан тушаалтныг эрүүгийн хариуцлагад татахаар болсноо 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдлээ.
Тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Мухаммад Хафизуддин Жантан нь мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулан ашигласан, итгэл эвдсэн, хууль бусаар бэлэг хүлээн авсан зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдах болсон байна. Мөн түүний эхнэрийг мөнгө угаах хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэн яллагдагчаар шалгах юм байна. Талуудын зүгээс одоогоор хэвлэлд албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Зэвсэгт хүчний салбарын худалдан авалтын төслүүдэд холбогдох хахуулийн сэжиг бүхий үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах үеэр хэд хэдэн компанид нэгжлэг хийж, сэжигтэн болон тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоотой арилжааны банк дахь дансыг битүүмжилж, хөрөнгийг хураажээ.
Мухаммад Хафизуддин Жантан нь мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш (2025 оны 12 дугаар сарын сүүлчээс) албан үүргээсээ түр чөлөөлөгдсөн бөгөөд харин Мохд Низам Жаффар нь 2026 оны эхээр албан ёсоор тэтгэвэрт гарсан байна.
Тус салбарын өөр хоёр ахлах офицертой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа явж байгаа талаар "МАСС" мэдээлсэн бөгөөд хэргийн материалыг ойрын хугацаанд прокурорын байгууллагад шилжүүлэхээр төлөвлөж байгааг онцолжээ.
Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим уг авлигын хэргийн мөрдөн шалгалттай холбогдуулан зэвсэгт хүчний болон цагдаагийн байгууллагын худалдан авалтын бүх шийдвэрийг түр хугацаагаар царцааж байгааг өмнөх долоо хоногт зарласан. Тэрээр 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан Батлан хамгаалах яамны арга хэмжээний үеэр “Өмнө батлагдсан болон одоогоор шийдэгдээгүй байгаа бүх худалдан авалтын гэрээнүүдийг дахин хянаж, илүү ил тод, нээлттэй журмаар явуулах ёстой” хэмээн мэдэгджээ.
Тус улсын батлан хамгаалах салбар дахь авлигын эрсдэлийг ил болгосон, цэргийн дээд удирдлагад ч хуулийн хариуцлага тэгш үйлчилдэг бөгөөд Засгийн газрын зүгээс худалдан авалтын ил тод байдал, институцийн хяналтыг сайжруулах бодит алхам хийж эхэлснийг энэ хэрэг явдал илтгэж байна.