ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Эрчим хүчний үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийн талаар
Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1.1, 22.4.1, 22.5.1-т заасныг үндэслэн “Эрчим хүчний үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгож хахууль авсан байж болзошгүй” гэх хэргийг 2023 оны 6 дугаар сараас эхлэн шалгасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж нь 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Эрчим хүчний яамнаас цахилгааны шугам дамжуулах, дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл авсан. Гэвч дээрх нэр бүхий аж ахуйн нэгж нь техникийн нөхцөл, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх үедээ барилга угсралтын ажлыг дуусгаж холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.
Хэрэгт холбогдуулан уг аж ахуйн нэгж болон “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яамны албан тушаалтнуудыг хахууль авсан, өгсөн үндэслэлээр шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймагт 2, Улаанбаатар хотод 3 объектод нэгжлэгийн ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр зохион байгуулж үнэт эдлэл, гадаад валютыг хураан авсан.
Өнөөдрийн байдлаар Эрчим хүчний үндэсний төвийн захирал Б.Б, өмнө нь Эрчим хүчний яаманд удирдах албан тушаалд ажиллаж байсан, одоогоор хувийн компанийн захирал Ц.М нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан.