1 сарын 16, 2026         42

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

iaac

Иргэд, олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт, шаардлагын дагуу Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудад холбогдох хэргийн талаар Прокурорын байгууллагын өгсөн зөвшөөрлийн хүрээнд дараах мэдээллийг хүргэж байна.

Авлигатай тэмцэх газраас 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс Эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох дараах хэргүүдийг дайчлах, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулаад байна.  Үүнд: 

1. “Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт ЭХТА-ийн 22.1.2 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.10.1/ Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байна. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуйн нэгж, Монгол Улсаас 1 аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний 9,0 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан.

Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Т нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллараар нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Т-ийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Т-ийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. Мөн зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу 7,0 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авчээ. 

Уг хэрэгтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас одоогийн байдлаар 3 хүнийг сэжигтнээр баривчилсан бөгөөд 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулсан. Нэгжлэгээр Н.Т ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авсан.  Мөн дээрх хэрэгт холбогдуулан Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Т, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарыг үргэлжлүүлэн шалгаж байна. П.Т нь Эрчим хүчний яаманд газрын дарга, мөн яамны сайдын зөвлөх, Эрчим Хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар, Б.Н нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайдын зөвлөхийн албан тушаалд тус тус ажиллаж байсан.

Монгол Улсаас БНСУ-ын “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.долларыг одоогийн байдлаар төлөөд байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц баригдаж, утаа багасах, иргэдийн амьдрах орчин сайжрах, найдвартай төвлөрсөн дулаан хангамжийн системээр хангагдах боломжийг ийнхүү алдаж байна.

2. Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт ЭХТА-ийн 18.6.1, 22.1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Н нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу хүсэлт ирүүлсэн тухайн өдөр цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Н нь дээрх техникийн нөхцөл баталснаас хойно буюу 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж өөртөө давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон.

Мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллаагаар Б.Н-ын гэрээс бэлнээр 10,600 ам доллар, 11,600 юань, 300,000 вонн, 3,440 евро, мөн түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс 70,000 ам.доллар буюу нийтдээ 350 орчим сая төгрөг хураан авсан ба дээрх мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. 

Мөрдөн шалгахМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих