ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС ДОТОР ТӨӨРӨЛДӨХИЙН УЧИР

Авлигын төсөөллийн индексийг “Транспэрэнси Интернэшнл” төрийн бус байгууллагаас 31 дэх жилдээ гаргаж, өчигдөр зарлалаа. Манай улс 31 оноотойгоор 182 улсын 124 дүгээрт эрэмбэлэгджээ. Өмнөх оноос 2 оноогоор буурч, 10 байраар ухарсан байна.
Жил бүрийн өдийд бид энэ талаар ярихдаа нэг үгийг орхигдуулдаг. Тэр нь “төсөөллийн” гэдэг үг юм. Авлигын төсөөллийн индекс буюу авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн гаргадаг судалгааны дүн юм. Төсөөлөл гэхээр тас худлаа гэж үгүйсгэх аргагүй ч туйлын үнэн хэмээн үзэх бас боломжгүй.
Монгол Улсын хувьд 2025 онд 8 эх сурвалжийн үнэлгээгээр Авлигын төсөөллийн индексийг тооцсон байна. “Глобал инсайт-улс орнуудын эрсдэлийн үнэлгээ” буюу “бизнес эрхлэгчид авлигад өртдөг эсэх” гэсэн асуулгаар өмнөх оноос өөрчлөлтгүй гарчээ. Түүнчлэн “Бэртслманн сан-Улс орнуудын шилжилтийн индекс” судалгаа буюу “төрийн албан хаагч авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг, олон нийт шүүмжилдэг эсэх”, “Засгийн газраас авлигатай үр дүнтэй тэмцдэг, авлигатай тэмцэх механизмтай эсэх” гэсэн 2 асуулгаар өмнөх онтой ижил оноотой үнэлэгдсэн байна.
Харин “Ай Эм Ди”-Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа буюу “авлига болон хээл хахууль байдаг эсэх”, “бизнес эрхлэгчид авлигад өртдөг эсэх”, “иргэд авлигатай тулгардаг эсэх” гэсэн 3 асуулгаар 5 оноо буурсан, “Пи Ар Эс” групп-Эрсдэлийн үнэлгээ буюу “улс төрийн хүрээнд авлига байдаг эсэх” гэсэн асуулгаар 7 оноо буурсан, “Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс” судалгаа буюу “гүйцэтгэх, шүүх, цэрэг цагдаа, хууль тогтоогч нь эрх мэдэл, албан тушаалаа хувийн сонирхлын үүднээс ашигладаг эсэх” гэсэн асуулгаар 3 оноо буурсан, “Эдийн засгийн мэдээллийн нэгж-Улс орнуудын эрсдэлийн үнэлгээ” буюу “төсөв, албан тушаалтан, тусгай сан, томилгоо, аудит, хараат бус шүүх, хахууль өгөх заншил” гэсэн асуулгаар 1 оноо буурсан, “Дэлхийн эдийн засгийн форум-Үзэл бодлын судалгаа” буюу “бизнес эрхлэгчид авлигад өртдөг эсэх”, “төсвийн хөрөнгийг шамшигдуулж, зориулалтын бусаар зарцуулдаг эсэх” гэсэн 2 асуулгаар 1 оноо буурсан байна.
Тэгвэл “Ардчиллын олон талт байдлын төсөл (V-Dem)” судалгаа буюу “улс төрийн хүрээнд авлига байдаг эсэх”, “иргэд авлигатай тулгардаг эсэх” гэсэн 2 асуулгаар өмнөх оноос 5 оноогоор өсчээ. Ингэхээр манай улс 8 үзүүлэлтийн 2 нь хэвийн, 5 нь буурсан, 1 нь өсөлттэй үнэлэгдсэн байна.
Энд нэг сонирхолтой дүгнэлт хийж болохоор харагдана. Дээрх 8 эх сурвалжийн үнэлгээний зарим асуулга давхардаж байгаа. Тухайлбал, “бизнес эрхлэгчид авлигад өртдөг эсэх”, “иргэд авлигатай тулгардаг эсэх”, “улс төрийн хүрээнд авлига байдаг эсэх” гэсэн 3 асуулга 4 өөр эх сурвалжийн үнэлгээнд давхардсан байна. Хамгийн сонирхолтой нь, тэдгээр 4 эх сурвалжийн үнэлгээгээр дээрх 3 асуулга өөр өөр байдлаар илэрхийлэгджээ. Жишээ нь “Пи Ар Эс” группийн эрсдэлийн үнэлгээгээр “улс төрийн хүрээнд авлига байдаг эсэх” гэдэг асуулгаар манай улс 7 оноогоор доошилсон байхад “Ардчиллын олон талт байдлын төсөл (V-Dem)” судалгааны “улс төрийн хүрээнд авлига байдаг эсэх” асуулгаар манай улсын үнэлгээ 5 оноогоор дээшилсэн байгаа юм. “Иргэд авлигатай тулгардаг эсэх” асуулгад “Ай Эм Ди-Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа”-ны эх сурвалжаас 5 оноогоор буурсан бол “Ардчиллын олон талт байдлын төсөл (V-Dem)” судалгааны эх сурвалж 5 оноогоор өссөн үзүүлэлт гарсан байна. Яг ижил асуулгаар өөр өөр үнэлэгдсэн гэсэн үг. Энэ бол шинжээч, судлаачдын төсөөлөл дээр тулгуурлан гардаг судалгаа гэдгийг нотолж байгаа юм.
Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтүүд дээр тулгуурлан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас Монгол Улсад хэд хэдэн зөвлөмж өгч байна. Энэ нь манай улсын авлигын эсрэг цаашид баримтлах бодлогын хүрээнд баримтлах гол чиглэлүүд хэмээн ойлгож болно. Монгол Улс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчлөх, нийгмийн халамжийн бодлогоо оновчтой хэрэгжүүлэх, хүний эрхийг бүх салбарт бүрэн хангах, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олборлох салбарын санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, удирдлагыг зөвхөн чадавхид суурилан томилох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг ил тод болгох, хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй болгох, шүгэл үлээгчийн тухай хуулийг батлах шаардлагатай гэх зэргээр зөвлөжээ.
Манай улсыг олон улсын шинжээч нар “хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор хэт дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдвэрлэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул, урт хугацаанд хэвшсэн төрийн байгууллагын арга барилын улмаас хариуцлага тооцох механизм сул хэвээр, улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтэд зүй бус нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр хэвээр байгаа нь төрийн бодлого, шийдвэрт иргэдийн итгэх итгэлийг сулруулдаг, төрийн өмчит компанийн засаглалын хүрээнд гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүйгээр томилох, өндөр эрсдэл бүхий, их хэмжээний гэрээ хэлцлийг ил тод бус нөхцөлд байгуулах явдал түгээмэл, гэмт хэргийн шинжтэй зарим үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийж, Зөрчлийн тухай хуулиар хөнгөн шийтгэл ноогдуулж байгаа, шүүхийн шийдвэр дээд түвшиндээ бүрэн хэрэгждэггүй, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчны талаарх хэлэлцүүлэг 2017 оноос хойш үргэлжилж байгаа боловч өнөөг хүртэл холбогдох хууль батлагдаагүй, бодит хамгаалалтын механизм бүрдээгүй” гэхчлэн дүгнэжээ.
Тэгэхээр Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь манай улсын төр засаг, нийгэм, эдийн засаг, уул уурхай, хууль эрх зүй зэрэг бүх салбарын үйл ажиллагаанаас шууд хамааралтай нь харагдаж байна. Түүнээс биш ганц Авлигатай тэмцэх газрыг буруутгах юм уу үгүйсгэж, зөвхөн нэг байгууллагад чиглэсэн оноо дүгнэлт биш юм. Авлигын төсөөллийн индекс бол тухайн улс орны байгаа байдалд бүхэлд нь, тогтолцоонд нь, голлох институцэд нь өгч байгаа үнэлгээ юм. Үүнийг ТИ байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдээс илэрхий харах боломжтой. Хэдийгээр төсөөллийн судалгаа боловч Монгол Улсын одоогийн байр байдлыг үгүйсгэж гүтгээгүй бөгөөд цаашид засаж залруулах арга замууд зааж өгснийг эрх баригчид, улстөрчид хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ? Жил бүрийн өдийд авлигын индекс зарлагдахад АТГ руу асуудлаа чихчихээд бахь байдгаараа нүд, чихээ таглан суусаар байх уу? Хэзээ бид асуудлыг ул суурьтай, углуургаар нь үнэлж цэгнэн, бодитой ярьдаг болох юм бэ?
Г.РАВЖАА
"Өнөөдөр" сонин