Б.БАЯРСАЙХАН: ШИНЭ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭГ ДАВУУ ТАЛ НЬ ОРОН АЛДАЖ БИЧДЭГ БАЙСНЫГ БҮРЭН ЗОГСООСОН

-Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ гаргах ажил үргэлжилж байна. Нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ гаргахдаа юунд анхаарах шаардлагатай байдаг вэ?
-Жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нийтийн албан тушаалтнууд өмнөх оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Энэ ажил эхлээд явж байна. Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг шинэчлэн, өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчилсэн цахим системийг ашиглалтад оруулсан. Хуульд зааснаар нийтийн албан тушаалтнууд мэдүүлгээ гаргахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн ашиг сонирхол, хөрөнгө, орлого, зээлийн мэдээллийг маягтын дагуу үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
Мэдүүлэг гаргагчдын хувьд хөрөнгийн анхны үнэ, зах зээлийн үнийг төгрөгөөр мэдүүлэх ёстой байдаг. Зарим мэдүүлэг гаргагч орон алдах, мянгачлах, саячлахдаа орон андуурч бичих гэх зэрэг тохиолдол гардаг байсан. Шинэчилсэн цахим системийн олон давуу тал нь ийм алдаа гаргахыг бүрэн зогсоосон. Өөрөөр хэлбэл, тоо шивээд оруулахад тэр мэдээлэл үсгэн хэлбэрээр дор нь харагддаг болсон. Энэ жилийн хувьд орон алдах явдал байхгүй болно гэж харж байгаа. Мөн хөрөнгийн эх үүсвэрүүдийн тайлбарыг бүрэн бичих ёстой.
-Шинэчлэгдсэн цахим системийн өөр бусад давуу талуудыг та хэлж өгөхгүй юу?
-ХАСХОМ-ийн цахим системийг анх 2012 онд нэвтрүүлсэн. Түүнээс хойш тоног төхөөрөмжийн хувьд ч, програм хангамжийн хувьд ч хуучирсан байсан. Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд програм хангамж, тоног төхөөрөмжөө сайжруулж байгаа. Ер нь систем хөгжүүлэлтийн гол чухал давуу тал нь системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагаа байгаа. Харин мэдүүлэг гаргагч нарын хувьд мэдүүлгээ гаргахад нь хялбар, ойлгомжтой болсон гэж үзэж байна.
Өөр нэг давуу тал нь хүний оролцоог эрс бууруулж байна. Зөвхөн мэдүүлэг гаргагч нар төдийгүй хяналт шалгалт хийхэд төрийн байгууллагуудад байгаа мэдээллийн санг тулгах, шалган баталгаажуулах, эрсдэлийг автоматаар тоолох тал дээр ахиц дэвшил гаргалаа.
Цахим систем нь цаасыг халах, шат дамжлагыг цөөлөх гэдэг агуулгаараа бичиг цаасны болон шуудангийн зардлыг багасгах, цаг хугацааг хэмнэх боломжийг бидэнд олгож байна. Мэдүүлгийг хянах ажлыг АТГ дангаараа хэрэгжүүлдэггүй, иргэд, олон нийтийн хяналт оролцоо чухал байдаг. Энэ тал дээр мэдээллийг ил тод болгоход цахим системээ илүү боловсронгуй, ойлгомжтой болгосон.
-Зарим тоог танаас тодруулж асууя. Өнгөрсөн онд 48,841 албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлсэн байна. Ийм олон тооны мэдүүлгийг АТГ хэрхэн хянаж шалгадаг вэ? Бас шалгаж үзэх шалгуур нь юу байдаг вэ?
-Хуульд зааснаар АТГ өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу, эсвэл төлөвлөгөөт хяналт шалгалтаар шалгах зохицуулалттай. Түүнчлэн хөрөнгийн эх үүсвэрээ заагаагүй буюу тайлбарлаагүй, мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй бол шалгах үндэслэл болдог.
-Эрсдэлд суурилсан гэхээр яг яаж тооцож гаргадаг вэ?
-Олон үзүүлэлт байгаа. Үзүүлэлт бүр дээр дэлгэрэнгүй ярих боломжгүй. Тухайн ажил, албан тушаалыг эрхэлж байгаа албан тушаалтан нь хэрэгжүүлж буй чиг үүрэг, эрхэлдэг асуудлын хүрээнд эрсдэлтэй албан тушаалтан мөн үү, шударга байдлын үнэлгээ зэрэг эрсдэлийн судалгаагаар байгууллага нь ямар оноо авсан, тухайн албан тушаалтны хөрөнгө, орлогын бүтэц нь эрсдэлтэй юу, цаг хугацааны явцад өсөлтийн динамик чиг хандлага нь ямар байгаа вэ, албан тушаалтны мэдүүлсэн мэдээлэл нь бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай тулж байгаа эсэх гэх зэрэгт үндэслэн эрсдэлийг тооцдог. Энэ агуулгууд дээр үндэслээд улсын хэмжээнд 48841 албан тушаалтны мэдүүлгийг хянаад тооцоод явж байгаа.
-АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг биш дунд түвшний албан тушаалтнуудыг илүүтэй шалгадаг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн онд шалгасан ХОМ-ийн 50 гаруй хувийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу шалгасан. Тэгэхээр бид дан ганц эрсдэлийн оноон дээр, эсвэл зөвхөн таны асуусан албан тушаалтнуудад дан чиглэж шалгалтын ажлыг явуулдаггүй. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг манай цахим хуудаснаас үзэж танилцаад эргэлзээтэй бол АТГ-т хандан шалгуулах боломжтой. Иргэд хяналт шалгалтад оролцох боломжтой гэсэн үг.
-Хянан шалгасан ХОМ-т ямар хариуцлага тооцдог вэ? Жишээлбэл, өнгөрсөн оны хувьд...
-Энд нийтдээ гурван төрлийн хууль хэрэгжиж байна. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хоцроосон, худал мэдүүлсэн зэрэг зөрчлөөс хамаараад сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, ажлаас халах гэсэн дөрвөн төрлийн хариуцлага тооцдог. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл харьяаллын дагуу Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлдэг. Дээрхээс гадна бид татварын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Албан тушаалтнуудын мэдүүлж байгаа хөрөнгө, орлого нь хууль ёсных бөгөөд татвар төлсөн үү, үгүй юу гэдгийг хянаад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн бол татварын байгууллагад хүргүүлдэг. Энэ талаар зарим тоон мэдээлэл хэлье. Өнгөрсөн онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн 29 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан. Гэмт хэргийн шинжтэй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 асуудлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн, одоо нарийвчлан шалгаж байгаа. Өнгөрсөн онд 4.7 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан.
-Өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 19 мянга гаруй хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Илт зөрчилтэй 85 хүн байсан байна. Энэ талаар тодруулж хэлнэ үү.
-Хуулиар албан тушаалтнууд гурван төрлийн мэдүүлэг гаргадаг. Нэг нь сая ярьсан ХАСХОМ. Хоёр дахь нь таны асууж байгаа ХАСУМ буюу Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг. Үүний гол үндэслэл нь нийтийн алба буюу төрийн алба нь цэвэр тунгалаг байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүднээс нийтийн албанд томилогдохын өмнө гаргаж хянуулдаг мэдүүлэг юм. Энэ мэдүүлгээр тухайн албан үүргийг гүйцэтгэхэд хувийнх нь ашиг сонирхол, тухайн ажлыг хэрэгжүүлэхэд хүлээгдэх үүрэг буюу нийтийн ашиг сонирхол хоёр зөрчилдөх эсэхийг хянадаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн болон хамаарал бүхий этгээд, эсвэл бизнесийн ашиг сонирхол, томилогдох гэж байгаа хүн нь хуульд заасан шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянадаг. Хянаж тухайн албан тушаалд томилогдоход зөрчил үүсэх эсэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг. Манайхаас хүргүүлсэн дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан нь тухайн этгээдийг томилох эсэхээ шийдвэрлэдэг.
Илт зөрчилтэй гэдгийн хувьд тухайн байгууллагын бүтцийн нэгжид гэр бүлийн болон хамаарал бүхий этгээд нь ажиллаж байгаа, нэг нэгэндээ шууд захирагдах ажил үүрэг хашихаар, эсвэл хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчихөөр байгаа, бизнесийн ашиг сонирхол нь нөлөөлөхөөр байгаа зэрэг буюу албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлөхөөр нөхцөл байдлыг хамруулж үздэг.
-Үүнээс гадна анхааруулдаг, буцаадаг юм байна. Ямар тохиолдолд анхааруулдаг вэ?
-Илт ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй ч тухайн салбарын хууль тогтоомжийг зөрчихөөр, томилогдох гэж байгаа ажлын байрны болон салбарын хуулийн шалгуурыг хангахгүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдалд анхааруулсан хариу өгдөг. Өмнө нь хянагдсан мэдүүлэг, эсвэл томилох эрх бүхий этгээдээс ирүүлээгүй, томилсны дараагаар хянуулахаар ирүүлсэн, хянуулах шаардлагагүй тохиолдолд ирүүлсэн зэрэг нөхцөлд мэдүүлгийг буцаадаг.
-Жил ирэх тутам програмын шинэчлэл, сайжруулалт хийж байгаа юм байна. Сөрөг үзэгдэл буурч байгаа юу?
-Өмнө нь хэлсэнчлэн гурван төрлийн мэдүүлгээс хоёр төрлийн мэдүүлгийн талаар мэдээлэл өглөө. Энэ хоёрын хувьд иргэд, олон нийтийн хяналт, оролцоо зайлшгүй чухал байна. Гурав дахь нь мэдэгдэл, тайлбар гэсэн мэдүүлэг байгаа. Үүнийг хянахад тухайн төрийн байгууллага болон удирдах албан тушаалтны хяналт, оролцоо зайлшгүй чухал байна. Томилогдсоны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх тохиолдолд албан тушаалтан нь мэдэгдэл, тайлбар гаргаж, тухайн үүргийг хэрэгжүүлэхээс татгалзах хуультай. Албан тушаалтан өөрөө сайн дураараа тухайн ажил үүргээс татгалзсан тохиолдолд байгууллагын удирдлагаас уг албан тушаалтнаар энэ ажлыг гүйцэтгүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийг хуульд зааснаар байгууллага дотроо зохицуулж байгаа механизм. Өмнө нь цаасан хэлбэрээр авдаг байсан мэдэгдэл, тайлбарыг энэ жил цахимд шилжүүлсэн.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн тогтолцоо Монгол Улсад 1996 оноос нэвтэрсэн, ерөнхий байдлаар авч үзвэл энэ 30 жил, АТГ байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, хууль ёсны орлого гэж юу болох, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байх, мэдүүлгээ үнэн зөв гаргах, олон нийт хэрхэн түүнд нь хяналт тавьж болох, хариуцлага нэхэж болохыг харуулсан, ойлголт өгсөн хугацаа байлаа. Зарим нэг албан тушаалтныг эс тооцвол сахилга, хариуцлага нэмэгдэж сөрөг үзэгдэл буурч байна.
Амьдрал баян учраас ашиг сонирхлын зөрчил хэдийд ч үүсэхийг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдал үүсвэл хуулиа сахиад мэдэгдэл, тайлбараа гаргаад уг ажил, үүргээс татгалздаг байгаарай гэж нийт албан тушаалтнуудад анхааруулж хэлмээр байна.
Г.ЦОЛМОН