Монголын Сагсан бөмбөгийн холбоотой соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна

Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Энхмэнд, “Монголын Сагсан бөмбөгийн холбоо" НҮТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичиг байгуулснаар Монголын сагсан бөмбөгийн спорт дахь авлига, шударга бус шүүлт, тоглолт наймаалцахаас урьдчилан сэргийлэх, тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийн шударга ёсны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, багийн спортоор дамжуулан хүүхэд залууст шударга ёсны үзэл дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд тусгайлсан төлөвлөгөө гаргаж, Холбооны гишүүдийн ёс зүйн дүрмийг тогтоох, мөрдүүлэх, үйл ажиллагааны болон мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг бий болгох, клуб болон багийн тамирчдыг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, үе шаттай сургалт зохион байгуулах зэрэг ажлыг үе шаттайгаар хийж эхэллээ.