3 сарын 06, 2026         14

ИХ БРИТАНИ: Англи, Уэльсийн цагдаагийн холбооны тэргүүнийг авлигын хэрэгт сэжиглэн баривчиллаа

image.png

Цагдаагийн холбоотой хамаарал бүхий гурван хүнийг албан тушаалаа ашиглан залилангийн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Эх сурвалж: BBC.com

Их Британийн цагдаагийн алба хаагчдыг төлөөлдөг томоохон байгууллага болох Англи, Уэльсийн цагдаагийн холбооны (PFEW) тэргүүн Мукунд Кришнаг албан тушаалаа урвуулан ашигласан болон залилангийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Түүнийг Суррей муж дахь гэрт нь Лондон хотын цагдаагийн газрын дотоод авлигын мөрдөн шалгах нэгжийн мөрдөгчид 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр баривчилсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан Англи, Уэльсийн цагдаагийн холбоонд ажиллаж байсан хоёр өндөр албан тушаалтныг мөн баривчилжээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Суррей мужийн Лизерхед хот дахь холбооны төв байр болон баривчлагдсан хүмүүсийн оршин суугаа газруудад нэгжлэг хийсэн байна.

Лондон хотын цагдаагийн газрын дотоод авлигын мөрдөн шалгах нэгжийн ахлах мөрдөгч Жеймс Халкетт “Англи, Уэльсийн Цагдаагийн холбоотой хамаарал бүхий гурван хүнийг албан тушаалаа ашиглан залилан үйлдсэн байж болзошгүй хэрэгт шалгаж байна” хэмээн мэдэгдэв. Хэргийн талаарх анхны мэдээлэл жил гаруйн өмнө ирсэн бөгөөд холбооны одоогийн болон хуучин гишүүдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Сонирхолтой нь Мукунд Кришна баривчлагдахаас өмнө 2025 оны 12 дугаар сард "Гардиан" сонинд бичсэн нийтлэлдээ "Цагдаагийн алба хаагчдын чимээгүй байгаа шалтгааныг маш тодорхой мэдэж байна. Нууцлал алдагдаж магадгүй гэсэн болгоомжлол хамгийн түгээмэл тулгардаг саад юм. Мэдээлэхээс айх айдас байсаар байна. Хүмүүс өөрсдийг нь хамгаална гэдэгт итгэхгүй бол буруу үйлдэл дэлгэрсээр байх болно” хэмээн шүгэл үлээгчдийг хамгаалах шаардлагатайг онцолж байжээ.

Англи, Уэльсийн цагдаагийн холбоо нь тус бүсийн 145 мянга гаруй цагдаагийн алба хаагчийг төлөөлдөг байгууллага юм. Сүүлийн жилүүдэд дотоод зөрчил, шинэчлэлттэй холбоотой маргаанд удаа дараа өртөөд байгаа нь тус холбооны засаглалын асуудлыг ноцтой хөндөж анхаарлын төвд авчирлаа.

Эх сурвалж: https://www.theguardian.com/uk-news/2026/mar/04/police-federation-of-england-and-wales-chief-executive-mukund-krishna-arrested

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих