“Монголын Волейболын холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монголын Волейболын холбооны гишүүдийн шударга ёсны талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хандлага тогтооход чиглэгдсэн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах, тус холбооны гишүүдийн ёс зүйн дүрмийг тогтоох, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээллийг ил тод, нээлттэй болгоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх холбоо, клубийн тамирчдыг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор байгуулсан Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, “Монголын Волейболын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгч Н.Амарзаяа нар гарын үсэг зурлаа.
Хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх санамж бичгийг үндэслэн талууд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг холбооны удирдлагатай Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хамтран баталсан бөгөөд энэ ажлын хүрээнд тус холбооны үндэсний дээд лиг 2025-2026” тэмцээний лед дэлгэц, монстер блокоор авлигын эсрэг сурталчилгааг явуулж олон нийтэд хүргэх, дасгалжуулагч, тамирчдаас шударга өрсөлдөөний талаар контент бэлтгэн цацах, подкаст ярилцлага хийх, холбооны ажлын албаны ажиллах журмын төсөлтэй танилцаж санал хүргүүлэх зэрэг ажлыг зохион байгуулаад байна.
Цаашид хамтарсан төлөвлөгөөний дагуу шигшээ багийн тамирчидтай байгуулах гэрээний төсөлд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохих заалтыг тусгах, өсвөрийн тамирчдыг оролцуулан “Шударга тоглоё, шударга өрсөлдье” рийл, постер хийх, бүсийн тэмцээн зохион байгуулах шүүгчдийг авлигын эсрэг сургалтад хамруулах, спортын авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зэрэгт чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Авлигатай тэмцэх газар, “Монголын Волейболын холбоо”-ны хамтран бэлтгэсэн "Шударга тоглоё, Шударга өрсөлдье" цуврал контентийг ЭНД ДАРЖ үзнэ үү.