Авлигатай тэмцэх газрын албан хаагчид “Цусаа өгч, итгэл түгээе” аянд оролцов

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид өөрсдийн санаачилгаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй “Цусаа өгч, итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе!” аянд нэгдэн 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр оролцлоо.
Сайн дурын цусны донорын үйлсийг сурталчлах, донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх зорилготой уг аянд нэгдэж, Авлигатай тэмцэх газрын албан хаагчид цусаа хандивлав.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Цусны донор зохион байгуулалтын албаны дарга Б.Одонтунгалаг “Цусыг бараа бүтээгдэхүүн шиг худалдаж авах боломжгүй. Нэг удаа цусаа өгснөөр 3 хүнд амьдрал бэлэглэнэ гэж үздэг. Манай байгууллагаас зохион байгуулж байгаа аянд хамрагдан идэвхтэй оролцож байгаа Авлигатай тэмцэх газрын албан хаагчдад талархал илэрхийлье” гэж хэллээ.
Энэ үеэр бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цус, цусан бүрэлдэхүүнээ 16-40 удаа өгсөн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнд “Бахархал 10”, Тамгын хэлтсийн ажилтан, комиссар Ц.Анхбаярт “Бахархал 20”, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатарт “Бахархал 40” тэмдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс гардуулав.