Эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт дүн шинжилгээ хийв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт, Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэн зөрчил арилгуулах тухай албан бичгийн хэрэгжилт, Эрүүл мэндийн яамны төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явцад тус бүр дүн шинжилгээ хийв.
Улсын авто зам болон нийслэлийн авто замын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлага, хяналтын тогтолцоонд судалгаа дүн шинжилгээ хийх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр батлагдсан удирдамжийн дагуу Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай албан уулзалт зохион байгууллаа.
Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 14 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 1242 хүнийг хамруулсан байна.