БНХАУ: Төрийн худалдан авах ажиллагаанд авлигыг илрүүлэхэд хиймэл оюун ашиглаж эхэллээ
Хятад улс тендер, худалдан авах ажиллагаанд хиймэл оюуныг ашиглан далд тохиролцоо болон авлигыг илрүүлэхийг зорьж байгаа талаар мэдээлсэн байна. Энэ нь Ерөнхийлөгч Ши Жиньпиний олон жилийн турш удирдан зохион байгуулж буй авлигын эсрэг кампанит ажил улам эрчимжиж буйн илрэл юм.
Энэхүү санаачилга нь 2025 оны нэгдүгээр сард болсон Авлигатай тэмцэх төв хяналтын хорооны хурлын үеэр Ши Жиньпин авлигатай тэмцэх арга хэрэгслийг баяжуулахыг уриалсны дараа гарсан байна.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны мэдээлснээр, хиймэл оюунд суурилсан хэрэгслүүдийг тендер, саналын баримт бичигт гарсан зөрчлийг илрүүлэх, үнэлгээний хороодын шийдвэрт хяналт тавих, мөн “хүн мэт” сэтгэх чадвартайгаар зөвлөмж гаргахад ашиглах ёстой аж. Мөн тендерийн үгсэн хуйвалдааны сэжүүрийг илрүүлж, хууль сахиулах болон холбогдох байгууллагуудад лавлагаа мэдээлэл өгөх үүргийг гүйцэтгэнэ гэв. Тус хороо хиймэл оюуны хөгжилд аль хэдийн тодорхой ахиц дэвшил гарсныг дурдаад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхэд их өгөгдөл (big data) ашиглахыг онцолсон байна.
Жэжян муж дахь авлигатай тэмцэх байгууллага 2025 оны нэгдүгээр сард төрийн өмчит хөрөнгийн удирдлагын эрх бүхий албан тушаалтныг саатуулсан бөгөөд хиймэл оюуны тусламжтайгаар төрийн худалдан авах үйл ажиллагаан дахь болзошгүй зөрчлийг илрүүлсэн талаар “CCTV” телевиз авлигын хэргүүдийг онцолсон баримтат нэвтрүүлэгтээ мэдээлжээ. Албан тушаалтан Фэн Жян нь тендерт оролцогчдоос хэдэн зуун мянган юанийн хахууль авч, тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөх зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдож өнгөрсөн оны 11 дүгээр сард шүүхээс хоёр жил хагасын хорих ял оноосон байна.
Орон нутгийн авлигатай тэмцэх байгууллагын ажилтан Ван Рунфэй “Тендерийн баримт бичиг, ирүүлсэн санал олон тул бид бүх төслийг нэгбүрчлэн шалгах боломжгүй. Их өгөгдөл нь бидэнд хэрэгтэй сэжүүрүүдийг гаргаж өгдөг давуу талтай. Сэжүүр олдвол бид шат дараатай мөрдөн шалгаж, хэргийг хэсэг хэсгээр нь задлан илрүүлэх боломжтой” гэж ярив.