“Улсын авто замын сан”-гийн үйл ажиллагаан дахь авлигын эрсдэлийг тогтооно

Авлигатай тэмцэх газрын даргаар батлуулсан удирдамжийн дагуу Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасан бүрэн эрхийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг “Улсын авто замын сан”-д ажиллаж эхэллээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 7.3-т заасан Засгийн газрын өр, тусгай сан, гадаадын зээл, тусламжийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд ажиллах бөгөөд тус сангийн 2024-2025 оны тушаал, шийдвэр, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, төсвийн хөрөнгийн захиран зарцуулалт, худалдан авах ажиллагаа болон тэдгээртэй холбогдох шийдвэрүүдтэй танилцан дүн шинжилгээ хийх замаар авлигын эрсдэлийг тогтоож авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Ажлын явцын талаар тухай бүр мэдээлэх болно.

