4 сарын 01, 2026         199

“Mock Trial–2026” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулав

iaac

Авлигатай тэмцэх газар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан хууль зүйн салбарын ирээдүйн боловсон хүчин болсон оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг ёс зүйтэй, зарчимч мэргэжилтэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн цуврал ажлуудыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, ДХИС-ийн Цагдаагийн сургууль, өмгөөллийн “Алтаргана” хууль зүйн товчоо хамтран “Mock Trial–2026” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээний шүүгчээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид уригдан ажиллав.

 Мэтгэлцээний тэмцээнд хууль зүйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг 11 их, дээд сургуулийн 19 багийн 120 гаруй оюутан, залуу судлаач оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдөв. Оюутан залуус, эрдэмтэн судлаачдын хувьд авлигын гэмт хэргийн нарийн төвөгтэй байдал, мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх үйл явцтай бодит кейс дээр тулгуурлан танилцсан нь онолын мэдлэгийг практиктай хослуулсан үр дүнтэй сургалт болов.

Тэмцээний өдрийн хөтөлбөрийн оюутны ангилалд ДХИС-ийн “Eternal” баг, эчнээ ангилалд “Шихихутуг” их сургуулийн “Зургаадай мэргэн” баг тэргүүн байр эзэллээ. Шилдэг багшаар хуульч, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шилдэг илтгэгчээр “Шихихутуг” их сургуулийн оюутан Х.Хонгорзул нар шалгарлаа.

Мэтгэлцээний шийдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг байсан нь залуу судлаачдад авлигын гэмт хэргийг нарийвчлан судлах сонирхлыг төрүүлж, авлигын эсрэг үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чухал түлхэц боллоо хэмээн оролцогчид дүгнэв.

Энэ удаагийн тэмцээнийг “Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич С.Нарангэрэл багшийн нэрэмжит болгосон нь агуулга, үнэ цэнийн хувьд өндөр түвшинд байсныг зохион байгуулагчид онцолж байна. Авлигатай тэмцэх газрын зүгээс уг тэмцээнийг хамтран зохион байгуулсан Улсын ерөнхий прокурорын газар, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, ДХИС-ийн Цагдаагийн сургууль болон өмгөөллийн "Алтаргана" хууль зүйн товчооны хамт олонд гүн талархал илэрхийлье.

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

iaac

 

 

Урьдчилан сэргийлэхСоён гэгээрүүлэхМэдээ мэдээлэл

Гомдол, мэдээлэл хүлээн авах

Гомдол гаргах
ХАСХОМ гаргах
ХАСХОМ үзэх
Холбоо барих