“Navan” компани авлигын эрсдэлийг илрүүлэх хиймэл оюунд суурилсан програм нэвтрүүлэв
Бизнес, аялал, зарлагын удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Navan” компани “Audit Engine” платформдоо авлига, дарамт шахалтын эрсдэлийг илрүүлэх шинэ модуль нэвтрүүлснээ мэдэгдлээ. Тус модуль нь сэжигтэй гүйлгээнээс үүдэлтэй байж болзошгүй эрсдэлийг илрүүлж, холбогдох үйлчилгээ авч буй байгууллагуудад анхааруулга өгөх зорилготой юм.
“Navan” компани өмнө нь залилангийн эрсдэлийг илрүүлэх програмаар дамжуулан сая сая гүйлгээг шинжилж, хэвийн бус эрсдэлтэй гүйлгээг ялган тодорхойлдог байсан. Харин шинэчлэгдсэн систем нь энэхүү механизмыг илүү өргөн хүрээнд ашиглаж, авлига болон дарамт шахалтын эрсдэлээс сэргийлэхэд чиглэж байна.
Тус компаниас гуравдагч этгээдтэй холбоотой гүйлгээ, ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээд, шүүхийн шийдвэрээр хориг арга хэмжээ авахуулсан хүмүүс гүйлгээнд оролцсон тохиолдолд өндөр эрсдэл үүсэх талаар анхааруулга өгдөг байна. Өмнө нь ийм төрлийн эрсдэлийг гүйлгээний зардал хянах системээс тусдаа хэрэгслээр хянадаг байсан юм.
“Navan” компанийн төлбөр, зардлын бүтээгдэхүүн хариуцсан захирал Юваль Рефуа “Санхүүгийн удирдлагууд эрсдэл, залилан, зардлын бодлогын зөрчлийг илрүүлэхдээ олон төрлийн систем, эсвэл хүний нөөцөд тулгуурлах нь түгээмэл. Манай хиймэл оюун энэ сорилтыг даван туулах боломжийг бүрдүүлж байна” хэмээн онцоллоо.
Шинэ систем нь нийт 45 шалгуур үзүүлэлтэд тулгуурлан гүйлгээг үнэлэх бөгөөд үүнд авлига болон дарамт шахалтын эрсдэлийг илрүүлэх анхааруулгууд багтжээ. Одоогоор гүйлгээний 75 хувийг автоматаар хянан баталж байгаа бол үлдсэн хэсэгт хүний оролцоотой хяналт шаардлагатай байна. Мөн хэт өндөр хэмжээний нэмэлт төлбөр, хиймэл оюунаар үүсгэсэн хуурамч баримт бичиг, хориглосон худалдан авалтыг илрүүлэх боломжтой ажээ. “Манай аудитын систем олон төрлийн хэлний загвар ашиглан бүх гүйлгээг нарийвчлан шинжилдэг. Ингэснээр санхүүгийн багийн ажлын ачааллыг бууруулж, гар ажиллагаатай ажилд зарцуулах цагийг хэмнэн, зөвхөн хүний шийдвэр шаардлагатай тохиолдолд төвлөрөх боломжийг бүрдүүлж байна” гэж Рефуа нэмж хэлэв.
Нэг товшилтоор идэвхжүүлэх боломжтой “Audit Engine” платформ одоогоор туршилтын шатанд байгаа бөгөөд цаашид дэлхийн хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: https://www.