“Өсвөр үеийнхний хөгжил, төлөвшил” соён гэгээрүүлэх сургалт-өдөрлөгийг зохион байгуулав

Өсвөр үеийнхнийг зөв харилцаа хандлагатай, аливаа зүйлд сэтгэлээсээ хандах чадавхтай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, сурах хөгжих тэмүүлэлтэй болох сэдлийг төрүүлэх зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын 21, 23, 52 дугаар сургуулийн ахлах ангийн 8-11 дүгээр ангийн 60 сурагчийг хамрууллаа.
Судалгаанаас харахад сурагчдын 90 хувь нь энэ төрлийн сургалтад хамрагдаж байгаагүй, өсвөр үеийнхний хөгжил, өөрийгөө хөгжүүлэх арга зүйг мэдэх хүсэлтэй, үе тэнгийн дээрэлхэлт, нэг нэгэнтэйгээ хүндэтгэлгүй харьцаж буйд санаа зовж байдаг бөгөөд уг сургалтаар дамжуулан дээрэлхэлтийг хэрхэн бууруулах, соён гэгээрүүлэх арга зүйг эзэмшиж бусдад заах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Сургалтад оролцсон сурагчид “Миний хувьд авлига гэж юу вэ гэдгийг ойлгоход тусалсан, мөн багийн ажиллагаа, сэтгэн бодох чадвараас гадна өөрийгөө хөгжилтэй аргаар сөрөг талаа олж харахад минь тусалсан багш нартаа баярлалаа”, “Энэ сургалтын эхэнд нэг ч үг амнаас гарахгүй хэцүү байсан, харин одоо ийм нөхөрлөлтэй орчинд илүү чөлөөтэй байна”, “Хамтын ажиллагаа, шударга байдал, үнэнч зан гэх мэт маш олон сайн чанар шаардсан тоглоомууд таалагдлаа. Хэдий танихгүй хүүхдүүд олон байсан ч өөрийгөө нээн задарч цагийг хөгжилтэй өнгөрөөж чадлаа” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Өсвөр үеийнхний хөгжил, төлөвшил” сургалт-өдөрлөгт цаашид 6-9 дүгээр ангийн сурагчдыг хамруулна.












