БНХАУ: Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун огцорлоо
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун. Токио хот, 2023 он
БНХАУ-д авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд өрнөж буй цэвэрлэгээнд тус улсын төрийн өндөр албан тушаалтан, Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун өртжээ. Төрийн зөвлөлийн энэхүү шийдвэрийн талаар Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд танилцуулсан байна.
Одоогоор Сүнь Вэйдунийг ямар шалтгаанаар, хэзээ огцруулсан талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Гадаад хэргийн яамны цахим хуудсанд мэдээлснээр Сүнь Вэйдун гуравдугаар сарын 13-ны өдөр Бруней, Малайз улсаас Хятад улсад суугаа Элчин сайдуудтай уулзжээ. Мөн өөртэй нь хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар уулзсан талаар Пакистанаас Хятад улсад суугаа Элчин сайд Халил Хашми цахим хуудастаа нийтэлсэн байна.
Хятад улсын Засгийн газар өндөр албан тушаалтныг огцруулах нь ихэвчлэн тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсныг илтгэнэ. Гэхдээ зарим тохиолдолд албан тушаалтныг өөр ажилд шилжүүлэх, тэтгэвэрт гаргах тохиолдол байдаг.
БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин 2013 онд засгийн эрхэнд гарснаас хойш авлигын эсрэг “бар, ялаа” буюу өндөр, доод шатны бүх түвшний авлигачдыг хамарсан мөрдөн шалгах кампанит ажлыг явуулж ирсэн.
Өнгөрсөн онд Хятад улс авлигын шинжтэй нэг сая гаруй хэргийг шалгаж, 938 мянган хүнд сахилгын шийтгэл ногдуулсан талаар Сахилгын хяналтын төв комисс болон Үндэсний хяналтын хорооноос мэдээлжээ.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/