З.Баасанням: АТГ-аас 2017 оноос хойш гадагш хулгайлагдсан 13.9 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад буцаан авчраад байна

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.
-Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал. Авлига нэг улс орны зовлон биш болсон гэдгийг ойлгож байна. Манай улсын АТГ гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлж, өргөжүүлж байгаа вэ?
-Авлига нэг улс орны юм уу, нэг бүс нутгийн асуудал биш болсон гэдэгтэй санал нэг байна. Улс орнууд дангаараа авлигатай тэмцээд амжилтад хүрэхгүйг НҮБ тэргүүтэй бүс нутгийн эдийн засгийн интеграцийн эрх бүхий байгууллагууд уриалан мэдэгдсээр байгаа. Авлигатай олон улсын хамтын ажиллагааны хүчээр тэмцэхийг улс орнууд илүүд үзэх болсон. Үндэсний хууль тогтоомжоор зохицуулдаг байсан хувь хүний эрх, гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг ажиллагааг олон улсын эрх зүйгээр зохицуулах хүсэл эрмэлзэл улс орнуудад өндөр байсан. Иймээс НҮБ-аас Авлигын эсрэг конвенцыг батлахад Монгол Улс 2005 онд нэгдэн орсон. Улмаар 2006 онд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсад авлигатай тэмцэх төрийн тусгай байгууллага буюу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж, энэ үеэс байгууллагын гадаад хамтын ажиллагааны үндэс суурь тавигдсан.
-Авлигатай тэмцэх олон улсын хамтын ажиллагаа буюу АТГ-ын гадаад харилцааны хөгжлийг юугаар хэмжих боломжтой вэ?
-АТГ-ын үйл ажиллагааг олон улсад, бүс нутгийн хэмжээнд бусад улс орнууд хэрхэн үнэлж дүгнэж байгаагаар энэ нь тодорхойлогдох болов уу. Энэ хугацаанд олон улсын байгууллага, улс орны авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас хамтран ажиллах олон санал санаачилгыг бидэнд тавьж ирсэн. Энэ хүрээнд улс орнуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд бид Тайланд болон Малайз улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичгээ үзэглэлээ. Одоогийн байдлаар Тайланд, БНХАУ, Өмнөд Солонгос, Азербайжан, Румын, Казакстан, Малайз зэрэг долоон улстай харилцаагаа баталгаажуулан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн Дэлхийн банкны Шударга байдлын дэд ерөнхийлөгчийн газар, Олон улсын авлигын эсрэг академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, ИБУИНВУ (Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс)-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг олон улсын байгууллагатай конвенцын хүрээнд мөрдөн шалгах чиглэлээр мэдээлэл солилцон, үр дүнтэй хамтран ажиллаж байна. Мөн олон улсын хурал зөвлөгөөн, сургалтыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь байгууллагын үйл ажиллагаа, гадаад хамтын ажиллагааны хөгжлийн хэмжүүр гэж бас хэлж болох байх. Үүний зэрэгцээ авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр гадагш хулгайлагдсан хөрөнгийг олж тогтоох, буцаан авах ажлын үр дүнд 2017 оноос хойш нийтдээ 13.9 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад буцаан авчраад байгаа нь гадаад хамтын ажиллагааны нэг илэрхийлэл болов уу. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримтыг бэхжүүлэх, виртуаль хөрөнгийн талаарх болон хулгайлагдсан хөрөнгө хураан авах, буцаах зэрэг сургалтуудад зөвхөн АТГ-ын албан хаагчдыг хамруулах бус цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурор, татвар, Монгол банк, Санхүүгийн мэдээллийн алба, гааль, улсын бүртгэлийн албаны ажилтан, албан хаагчдаас хамруулах бодлогыг бид барьж ирсэн. Авлигатай тэмцэх ажилд хамтран оролцогчид бүгд нэг ижил ойлголт, мэдлэг чадвартай байх нь бидний өмнөө тавьсан зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Сүүлийн үед Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо ТББ-тай авлигын эсрэг аливаа сургалтад шүүгчдийг хамруулан мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж байна.
-Тэгвэл Монгол Улсад гадагш хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирсан ажиллагааны талаар жишээ ярихгүй юу?
-Авлигатай тэмцэх газраас 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээлж байсан. Дээрх асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тухайн үед тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Тэгвэл Монгол Улсад анх удаа гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчирсан. 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бусдаас их хэмжээний хахуулийг оффшор бүсээр дамжуулан авч, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын төвд дөрвөн өрөө байр болгон мөнгө угаасан гэмт үйлдлийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж шүүгдэгчид ял оногдуулсан. Тухайн хэргийн холбогдогч нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаал хашиж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнтэй өндөр дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1.175.372 фунт стерлинг буюу 4.347.312.050 төгрөгийн хахуулийг өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн Британийн Виржинийн аралд үүсгэн байгуулсан, оффшор компанийн Бүгд Найрамдах Латви улс дахь банкны данснуудаар авсан. Энэ гэмт хэргийг үйлдэж олсон мөнгө, орлого буюу 4.347.312.050 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотын төвд байрлах 110 м.кв талбай бүхий дөрвөн өрөө байр худалдан авч мөнгө угаасан байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж ”Asset recovery” буюу хулгайлагдсан хөрөнгийг улсад эргүүлэн авчирсан. Энэ гэмт хэргийг илрүүлэхэд мөрдөх байгууллагын мөрдөгчид Бүгд Найрамдах Латви Улc, Британийн Виржинийн Арлууд улс руу “Mutual legal assistance” буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт илгээн хэрэгт ач холбогдолтой мэдээлэл гаргуулан авах, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нэгжлэг хийх, бодит хохирлыг тогтоохоор үнэлгээ хийлгэх зэрэг мэргэжлийн ур чадвар, цаг хугацаа шаардсан ажиллагаануудыг явуулж, хэргийн холбогдогчийн гэмт үйлдлийг хөдөлшгүй нотлох баримтуудаар нотолсон юм. Шүүхээс хэргийн холбогдогчийг гэмт буруутай гэж үзэн ял оноож шийдвэрлэсэн.
-Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргүүдийн нэг нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, царцаах, хураах, буцаах үйл ажиллагаа байдаг шүү дээ?
-Монгол Улс нь “Авлигын эсрэг НҮБ-ын конвенц”-ыг 2005 онд соёрхон баталсан. Тус конвенц нь авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг гадаад улсаас буцаан авчрах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг гишүүн улс орнуудад олгодог. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын V Бүлэг “Хөрөнгө буцаах”-т зааснаар гадаад улс орнуудын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байна. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас бий болсон криптовалютыг олж илрүүлэн, Binance дахь дансыг эрх бүхий байгууллагаар дамжуулан гүйлгээний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахаар ажиллаж байна. Тухайлбал, иргэн “Б, Д” нарт холбогдох Эрүүгийн хуулийн 263.2 (эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2002 оны хуучин хууль), 18.2.3 (мөнгө угаах)-р зүйлчлэн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд “АНУ-ын Мэн арал”-д байх үл хөдлөх хөрөнгийг тогтоон НШШГГ (Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар)-ын Төрийн сангийн дансанд нийт 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.доллар улсын орлого болж төлөгдсөн.
-Манай АТГ-ын бодлого, үйл ажиллагааг бусад улс орнууд хэрхэн үнэлж дүгнэдэг вэ. Сайн туршлагаар нэрлэгдсэн зүйл байна уу?
-НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын хэрэгжилтийн хоёр удаагийн үнэлгээний хүрээнд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүй, бодлого, институтийн түвшинд тодорхой ахиц дэвшил гаргаж ирснийг онцлон сайшаасан. Юуны өмнө авлигатай тэмцэх эрх зүйн суурийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үе шаттай шинэчилж, авлигын гэмт хэргийн төрөл, хариуцлагын зохицуулалтыг олон улсын стандарттай уялдуулахыг зорьсон. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд үндэсний хөтөлбөр, стратеги баталж, төрийн албаны ёс зүй, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлсэн дэвшилттэй сайн байна гэж үнэлсэн. Институтийн хувьд АТГ нь конвенцын хэрэгжилтийг зохицуулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлж, мөн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн тогтолцоог бүрдүүлэн сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг зориуд онцлон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн төрийн худалдан авалтыг цахимжуулах, төсвийн мэдээллийг нээлттэй болгох, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг арга хэмжээг үе шаттай нэвтрүүлсэн нь конвенцын урьдчилан сэргийлэх чиглэлийн шаардлагад нийцсэн байна гэж бас дүгнэсэн.
Хэдий тийм боловч шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх, мөнгө угаах болон хууль бус хөрөнгийг илрүүлэх, царцаах, буцаан авах ажиллагааг боловсронгуй болгох, институтийн чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, авлигын эсрэг хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатайг зөвлөдөг.
Ярилцсан Г.БАЛГАРМАА
"Өдрийн сонин". 2026.04.23.№075(7926)