ЭНЭТХЭГ: Конгресс намын гишүүн, сайд асан Махеш Жошиг 9.6 тэрбум рупийн усны төслийн тендерийн луйвар, хахуулийн хэргээр баривчилжээ
Энэтхэгийн Ражастхан мужид хэрэгжсэн “Jal Jeevan Mission” буюу хөдөө, орон нутгийн усан хангамжийн төслийн хүрээнд 9.6 тэрбум рупи /362.9 тэрбум төгрөг/-ийн тендерийн луйвар илэрч, Конгресс намын нөлөө бүхий улстөрч, сайд асан Махеш Жошиг баривчилсан талаар Энэтхэгийн Авлигатай тэмцэх газар мэдээллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны мэдээллээр төслийн тендерүүдийг урьдчилан тохиролцсон компаниудад олгож, техникийн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгон, үүний хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй байна.
“Jal Jeevan Mission” нь Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлж буй хамгийн том усан хангамжийн төслүүдийн нэг бөгөөд хөдөө, орон нутгийн айл өрхүүдийг цэвэр усаар хангах зорилготой үндэсний хэмжээний хөтөлбөр юм. Гэвч мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр төсөл хэрэгжүүлэх явцад нийлүүлэлтийн үнийг хэт өсгөх, хуурамч тендер зохион байгуулах, чанаргүй материал ашиглах зэрэг олон зөрчил илэрсэн байна.
Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр уг хэрэгт төрийн албан тушаалтнууд, инженерүүд, гэрээлэгч компаниудын төлөөлөл зэрэг олон хүн холбогдсон байж болзошгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар Энэтхэгт дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой авлига өргөн тархсан хэвээр бөгөөд орон нутгийн түвшинд улс төр, бизнесийн ашиг сонирхол холилдох нь элбэг байдаг. Ялангуяа ус, эрчим хүч, авто зам зэрэг дэд бүтцийн салбарууд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог байна.
Энэ бол зөвхөн санхүүгийн хохирол бус нийгмийн ноцтой үр дагавартай гэж шинжээчид үзэж байна. Учир нь цэвэр усны төсөл доголдсоноор олон мянган өрх аюулгүй ундны усаар хангагдах боломжоо алдаж, орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй юм.
Энэтхэг улс сүүлийн жилүүдэд цахим тендер, төрийн худалдан авалтын шинэчлэл хийж байгаа ч томоохон төслүүдтэй холбоотой авлигын хэргүүд тасрахгүй байгаа нь институтийн хяналт хангалтгүйг харуулж байна.
Энэтхэгийн авлигын томоохон хэргүүд
|
Хэрэг |
Салбар |
Хохирлын хэмжээ |
Холбогдсон хүний тоо (ойролцоо) |
Огноо / Үндсэн үйл явдал |
Шийдвэр / Төлөв (2026 оны байдлаар) |
|
Jal Jeevan Mission |
Ус хангамж |
9.6 тэрбум рупи ~362.9 тэрбум төгрөг ~113 сая ам.доллар (МБ-ны 2026.05. 07-ны өдрийн ханш) |
22+ (11+ баривчилсан) |
2024-2026 (тендер луйвар) |
Мөрдөн шалгаж байна. Махеш Жоши 2026.5.7-нд баривчлагдсан. 3 хүн оргон зайлсан. |
|
Commonwealth Games |
Спортын дэд бүтэц |
700 тэрбум рупи ~26.5 их наяд төгрөг ~8.2 тэрбум ам.доллар (МБ-ны 2026.05. 07-ны өдрийн ханш) |
10+ (гол ял 11 хүн) /Suresh Kalmadi тэргүүтэй/ |
2010 |
Зарим ял оноосон, ихэнх нь дараа нь цагаатгагдсан |
|
Coal Allocation Scam |
Уул уурхай |
1.8 их наяд рупи ~68 их наяд төгрөг ~21.1 тэрбум ам.доллар (МБ-ны 2026.05. 07-ны өдрийн ханш) |
Олон арван компани, улстөрч /FIR-д 100 гаруй хүн холбогдсон/ |
2004-2009 |
Зарим ял оноосон, ихэнх нь шүүхээс цагаатгагдсан |
|
2G Spectrum Scam |
Харилцаа холбоо |
1.76 их наяд рупи ~66.5 их наяд төгрөг ~20,7 тэрбум ам.доллар (МБ-ны 2026.05.07-ны өдрийн ханш) |
17-18 хүн /A. Raja тэргүүтэй/ |
2008 |
2017 онд бүгдийг цагаатгасан |